Мэдээ уншиж байна...

Админ 2023/05/04 (0) (9)

О.Мишээл: Цаг агаар хүйтэрвэл түлшний борлуулалтыг сунгах боломжтой

Тавдугаар сар олон жилийн дунджаас хүйтэн байх цаг агаарын төлөв гарсан. Иргэдийн дунд шахмал түлшний олдоц багасч, тавдугаар сарын 1 гэхэд түлшний цэгүүдийг хаах нь гэсэн яриа гарсан. Тиймээс “Тавантолгой түлш” компанийн Борлуулалтын хэлтсийн дарга О.Мишээлээс дараах тодруулгыг авлаа.

-Шахмал түлшний борлуулалт хэднийг хүртэл үргэлжлэх вэ?

-Түлш тавдугаар сарын 15 хүртэл борлуулагдана. Мөн зун ажилладаг борлуулалтын цэгүүд буюу Долоон буудал, Хөтөл гэх зэрэг цэгүүд 15 хүртэл зун борлуулах түлшээ татан авах учиртай. Энэ түлшээ сэрүүн өдрүүд, иргэдийн дунд түлшний хэрэгцээ гарсан үед борлуулдаг юм.

-Тэгэхээр зун ажилладаггүй цэгүүд нь хаагдана гэсэн үг үү. Энэ сар нэлээд сэрүүн байна гэсэн цаг агаарын төлөв гарсан. Тийм болохоор түлшний олдоц багасах байх гэсэн болгоомжлол иргэдийн дунд байна?

-Бид хэд цаг агаар сэрүүхэн байх юм бол нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газартай ярилцаад гэрээг нэг сар, 15 хоногоор сунгах боломжтой гэж шийдсэн.

-Дүүргүүдэд шахмал түлшний хязгаар тогтоосон гэсэн гомдлыг зарим борлуулалтын цэгийн хүмүүс ярьж байсан?

-Тийм хязгаарлалт тогтоосон зүйл байхгүй. Ер нь бол сарын сүүлч болохоор санхүүгээс мөнгө хийлгэдэггүй юм. Сар, сарынхаа тооцоог хийж дуусгах гэж ингэдэг юм билээ. Тэр үед л зарим нэг борлуулагчдаас тийм яриа гарсан байна билээ. Мөн саяхан цаг агаар огцом хүйтэрсэнтэй холбоотойгоор иргэдийн дунд түлшний хэрэглээ нэмэгдсэн. Борлуулалтын цэгүүдийн түлш хурдан дуусаад, түүнийг нь нөхөж ирэх хооронд иргэдээс түлш дууссан байна гэсэн гомдол гарсан. Энэ үеэр нийслэлийн хэмжээнд 17 гомдол ирсэн. Бид хэд цаг алдалгүйгээр гомдлуудыг хаагаад явсан. Ер нь гэрээнийхээ дагуу тавдугаар сарын 15 хүртэл ажиллаад явна. Хэрвээ цаг агаарын нөхцөл байдал муудаж, шаардлага үүсвэл цааш нь сунгах боломжтой.

-Үйлдвэрийн хэмжээнд өдөрт хэчнээн тонн түлш гаргаж байгаа вэ?

-Төвийн болон зүүн үйлдвэрийн нийт таван шугам ажиллаж байна. Өдөртөө 1000-1250 тонн түлшийг үйлдвэрлэж байгаа.

-Өнгөрсөн намраас хойш хэчнээн тонн түлш борлуулсан бэ? 

-Манай үйлдвэр дөрөв дэх өвлөө даван гарлаа. Өмнөх жилүүдтэйгээ харьцуулахад өнгөрсөн жилийн борлуулалт бага байгаа. 2020, 2021 онд 520-550 мянган тонн түлш борлуулагдаж байсан бол 2022 оны есдүгээр сарын 15-наас өнөөдрийг хүртэл 460 орчим мянган тонн түлш борлуулаад байна.

-Түлшний борлуулалт муу байгаагийн шалтгаан юу вэ?

-Өнгөрсөн өвөл дөрөвдүгээр сарын 1 хүртэл түлшийг 50 хувийн хямдралтай үнээр зарсан. Тийм болохоор иргэд түлшийг нэлээд их хэмжээгээр нөөцөлсөн. Тэгээд ч өнгөрсөн жил энэ жилээс харьцангуй тогтуун, дулаахан хавар болсон. Тийм болохоор айлууд нөөцөлсөн түлшээ бараг 11 дүгээр сарын 1 хүртэл түлсэн. Тэгэхээр энэ жилийн өдөр тутмын борлуулалт бараг тэр үеэс эхэлсэн гэж хэлж болно. Мөн бид 102 хорооны 2300 орчим айлаас тандалт судалгаа авсан. Уг судалгаагаар 20-30 хувь нь түлш нөөцөлсөн байсан гэж гарсан. Дээрээс нь долоо хоногт зургаан шуудай түлш хүрэлцэхгүй байна гэж гарсан учраас долоо хоногт долоон шуудай нүүрс болгосон.    

-Ирэх өвлийн нөөцөө хэдийнээс бэлдэж эхлэх вэ?

-Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд Ажлын хэсэг байгуулагдсан. Тав, зургаадугаар сард 50 мянган тонн нөөцлөх, найм, есдүгээр сард мөн 50 мянган тонныг нөөцлөхөөр болсон. Энэ сарын нэгэн гэхэд 50 мянган тонн нөөцлөх 23 агуулахыг бэлэн болгоод байна.

Эх сурвалж: Тавантолгой түлш ХХК

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0