Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын урилгаар Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга эрхэмсэг ноён Көвер Ласло тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр 2023 оны тавдугаар сарын 04-ний өдөр) Улаанбаатар хотноо хүрэлцэн ирлээ.
Айлчлалын хүрээнд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласло нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааны болон бусад асуудлаар санал солилцоно. Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласлод бараалхана.
Хүндэт зочныг Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа, Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Унгарын парламентын бүлгийн дарга Н.Ганибал, Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Др.Борбала Обрущанский болон албаны бусад хүмүүс угтан авлаа.
Өнөөдөр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хүндэт зочныг Жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан авснаар албан ёсны арга хэмжээ эхлэх юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.