Мэдээ уншиж байна...

Админ 2023/05/05 (0) (10)

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласлод бараалхлаа

УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласлод Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны тавдугаар сарын 04-ний өдөр бараалхав.

Хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой эрхэмсэг ноён Көвер Ласлогийн энэ удаагийн айлчлалд Монгол Улсын Засгийн газар ихээхэн ач холбогдол өгч буйг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтын эхэнд тэмдэглэлээ.

Монгол, Унгар Улсын харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэх, эдийн засгийн агуулгаар баяжуулах нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх зорилтуудын нэг. Тиймээс хоёр орны хооронд эдийн засаг, гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь чухал гэдгийг Ерөнхий сайд хэллээ.


 
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хэрэгжүүлэх худалдаа, эдийн засгийн болон хоёр орны Засгийн газар  хоорондын бүх талын хамтын ажиллагааг Унгар Улсын Үндэсний Ассамблейн зүгээс дэмжиж ажиллахаа эрхэмсэг ноён Көвер Ласло хэлсэн үгэндээ онцоллоо.

Улсын Их хурлын дарга Г.Занданшатар, Унгар Улсын Үндэсний ассамблейн дарга Көвер Ласло нарын уулзалт, яриа, хэлэлцээг үр дүнтэй, бодит ажил болгохын төлөө Монгол Улсын Засгийн газар бүх талаар хамтран ажиллахад бэлэн байгаагаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илэрхийлэв.

Ялангуяа, боловсрол, соёлын салбарт хамтран ажиллаж буй уламжлалт харилцааг эдийн засаг, нийгэм, аялал жуулчлал болон бусад салбарт өргөжүүлэх бүрэн боломжтой гэдэгт талууд санал нэгдэв.

Унгар Улс нь манай улстай уламжлалт, найрсаг харилцаа, хамтын ажиллагаатай, Европын Холбооны гишүүний хувьд гуравдагч хөрш орон юм. Хоёр орны боловсролын салбарт хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд 2017 оноос Монголын талаас жил бүр 200 оюутан Унгар Улсын Засгийн газрын тэтгэлгээр тус улсад суралцаж байна.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0