Мэдээ уншиж байна...

Админ 2023/05/18 (0) (9)

“Улаанбаатар марафон”-ы бүртгэл үргэлжилж байна

Нийслэлийн Засаг даргын захирамжаар “Улаанбаатар марафон-2023” олон улсын гүйлтийг зургаадугаар сарын 3-нд нийслэл хотноо найм дахь удаагаа зохион байгуулах гэж байна. 

Тус марафонд гүйх иргэдийг https://ubmarathon.hipay.mn/ цахим хуудас болон “Hipay” аппликейшнаар тавдугаар сарын 30-ныг дуустал бүртгэх юм.

Гүйлтийг үндсэн таван төрлөөр зохион байгуулах бөгөөд хамгийн богино зайд буюу 1500 метрт гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцох боломжтой бол 5000 метрт 12-17 нас, 18 болон түүнээс дээш насны иргэд оролцоно. Энэхүү хоёр төрлийн гүйлтийн бүртгэлийн хураамж 5000 төгрөг байна.

Гүйлтийн 10,000 метрийн зайд 18-аас дээш насныхан оролцох бөгөөд бүртгэлийн хураамж 30 мянган төгрөг. Хагас марафон буюу 21,095 метрийн зайд 18-34 нас, 35-54 нас, 55-аас дээш насныхан, мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцох боломжтой. Бүртгэлийн хураамж нь 50 мянган төгрөг байх юм.

Бүтэн марафон буюу 42,195 метрийн зайд 18-аас дээш насныхан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд гүйх бөгөөд бүртгэлийн хураамж нь 60 мянган төгрөг байна. 

Веб хуудсаар бүртгүүлэх заавар

Эрүүл мэндийн гүйлт буюу 5000 метрийн зайд оролцогчид бүртгэл, хураамжийг онлайнаар хийж, дараах штабуудаас энгэрийн дугаараа авч, бүртгэлээ баталгаажуулна.

-Багануур дүүргийн Биеийн тамир, спортын хороо 99704438;

-Багахангай дүүргийн Биеийн тамир, спортын хороо 88060874;

-Баянгол дүүргийн Биеийн тамир, спортын хороо 95705607;

-Баянзүрх дүүргийн Биеийн тамир, спортын хороо 85829111;

-Налайх дүүргийн Биеийн тамир, спортын хороо 88057467;

-Сонгинохайрхан дүүргийн Биеийн тамир, спортын хороо 99072560;

-Сүхбаатар дүүргийн Биеийн тамир, спортын хороо 88085975;

-Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спортын хороо 99663717;

-Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спортын хороо 88928787

Марафон гүйлтийн 42,195 метр, 21,095 метр, 10,000 метрийн зайн гадаад, дотоодын оролцогчдын бүртгэлийг баталгаажуулж, энгэрийн дугаар, чип, футболк олгох ажил Нийслэлийн Биеийн тамир, спортын газар (Нийслэлийн Засаг захиргааны 4 дүгээр байрны нэг давхарт буюу “Зоос гоёл”-ын замын урд)-т тавдугаар сарын 25-30-ны 17:00 цаг хүртэл зохион байгуулагдана. Дэлгэрэнгүй мэдээллийг 7000-2785, 7766-7700, 11-312785 дугаарын утаснаас авах боломжтой.

Аппликэйшнээр бүртгүүлэх заавар

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан зургаадугаар сарын 1-нд Сүхбаатарын талбайд бүртгүүлсэн 5000 метрийн зайд оролцох 12-17 насны хүүхдүүд болон 1500 метрийн гэр бүлийн гүйлтэд оролцогчдыг бүртгэлийн хураамжаас чөлөөлнө.

“Улаанбаатар марафон” олон улсын гүйлт нь Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд өөрийн дотоод нөөц боломжийг нээж, зорилгодоо хүрэх тэсвэр хатуужил, бие бялдрын болон оюун санааны өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх зорилготой. Марафонд оролцогчдын тоо жил ирэх бүр нэмэгдэж, иргэдийн хүсэн хүлээдэг томоохон арга хэмжээний нэг болоод байна. 

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0