Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө Бүгд Найрамдах Турк Улс /БНТУ/-ын “Samir textile” ХК, “Bircan textile” ХК-ийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтад ирсэн төлөөлөгчид Турк, Сирид болсон газар хөдлөлтийн дараа үүссэн нөхцөл байдлын үеэр нийслэлийн зүгээс тусламж, дэмжлэг үзүүлж, гэр, асар хандивласанд талархал илэрхийлсэн юм.
Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө “Байгалийн гамшигт өртсөн хүмүүст туслахаар нийслэлийн есөн дүүрэг болон иргэдийн зүгээс Турк Улсад гэр, асар, майхан болон бусад хандивын эд зүйлсийг илгээсэн. Эдгээр зүйлсийг шаардлагатай газар нь шуурхай хүргэсэн та бүхэнд талархал илэрхийлье. Цаашид БНТУ нь бүх нийтийн хүчин чармайлтаар энэхүү хүнд цаг үеийг даван туулна гэдэгт итгэлтэй байна” хэмээлээ.
БНТУ-ын төлөөлөгчид гамшгийн дараах хүнд хэцүү нөхцөл байдалд Улаанбаатар хотын Ах дүү хотын харилцааны илрэлийг бодитоор харуулсанд талархаж буйгаа илэрхийлж, Чингэлтэй дүүрэгт даавууны үйлдвэрийн төсөл хэрэгжүүлэх гэж буйгаа уламжлав. Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих, ажлын байр бий болгох зорилготой уг төсөлд нийслэлийн зүгээс дэмжлэг үзүүлэхийг хүсэж буйгаа төлөөлөгчид онцолж байлаа.
Нийслэлийн зүгээс хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлж, төслийг дэмжин ажиллана гэдгээ илэрхийлсэн юм.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.