Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Бүгд Найрамдах Киргиз Улсын Гадаад хэргийн сайд Ж.Кулубаев 2023 оны тавдугаар сарын 29-ний өдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирэв.
Гадаад хэргийн сайд Ж.Кулубаевыг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, Төрийн захиргааны удирдлагын газрын захирал С.Золжаргал, Монгол Улсаас БНКирУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Ганхуяг болон албаны бусад хүмүүс угтав.
Гадаад хэргийн сайд Ж.Кулубаевын Монгол Улсад хийж буй энэхүү айлчлал нь Киргиз Улсын Гадаад хэргийн сайдын 10 жилийн дараа Монгол Улсад хэрэгжиж буй айлчлал юм. Айлчлалын үеэр сайд Ж.Кулубаев Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхаж, Гадаад хэргийн сайд Б.Батцэцэгтэй албан ёсны хэлэлцээ хийнэ.
Айлчлалын үеэр Бүгд Найрамдах Киргиз Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, Монгол, Киргизийн яриа хэлэлцээг идэвхжүүлэх, харилцан итгэлцэл, харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх, Гадаад харилцааны яамд хоорондын уламжлалт хамтын ажиллагааг өргөжүүлэх болон олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцохоор төлөвлөж байна.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.