Мэдээ уншиж байна...

Админ 2023/06/07 (0) (14)

“ICT Expo 2023” зургаадугаар сарын 9-11-нд болно

Харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбарын хамгийн том арга хэмжээ “ICT Expo 2023” энэ жил Үндэсний соёл амралтын хүрээлэнд зургаадугаар сарын 9-11-нд болно.

Мөн энэ хүрээнд зургаадугаар сарын 8-нд тус салбарын өнгөрсөн, одоо, ирээдүйг хэлэлцэх, цаашид өсөн нэмэгдэх мэдээллийн технологийн салбарын ач холбогдол, бусад салбартай уялдаа холбоог хангах бодлогын илтгэл, хэлэлцүүлгүүд өрнөх форум болох юм.

Арга хэмжээг Цахим хөгжил, харилцаа холбооны яам санаачлан, ерөнхий зохион байгуулагчаар Мэдээлэл, технологийн үндэсний парк, дэмжигч байгууллагаар БШУЯ, НЗДТГ, хамтран зохион байгуулагчаар харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын төрийн болон төрийн бус байгууллагууд ажиллаж байна. Мөн форумыг “Dell”, “Microsoft” компаниуд дэмжин ажиллаж байгаа бол экспогийн ерөнхий ивээн тэтгэгчээр Google оролцож, NAVER, Amazon зэрэг компаниудын томоохон төлөөллүүд экспо болон форумын үйл ажиллагаанд оролцох юм.

Энэ удаагийн экспогийн гол зорилго нь оролцогч бүрийн эрх ашгийг дээдлэн, бүх нийтэд хүртээмжтэй байдлаар, эх дэлхийд ээлтэй, ухаалаг шийдлүүдийг ашиглан Монгол Улсын харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хөгжлийг олон улсад сурталчлан таниулж, үр дүнд чиглэсэн үйл ажиллагаа зохион байгуулахад оршино. Түүнчлэн энэ жилийн экспод олон улсын томоохон төлөөллүүд албан ёсоор оролцож байгаагаараа онцлог юм.

Технологийн дэвшил бидний бүтээмжийг нэмэгдүүлж, амьдралыг илүү хялбар болгож байна. Гэвч нөгөөтээгүүр хүмүүс дунд технофоби буюу технологиос айх айдас дэлгэрч байна. Энэ нь технологийг хэцүү гэж ойлгон, шинээр гарч ирсэн технологийг хэрэглэхээс айх, технологийн дэвшлийн сөрөг нөлөө нь хүн төрөлхтөнд аюул тарина гэсэн итгэл үнэмшил юм. Иймд “ICT Expo 2023”-т оролцож буй байгууллагууд технологи бол энгийн гэдгийг хүн бүрд ойлгуулахаар “Tech is….” агуулга дор нэгдэж буй. Уг агуулга дор экспод оролцож буй 150 гаруй байгууллага нэгдэж байгаа юм.

“ICT Expo 2023”-аас хүлээж буй үр дүн:

  • Төрийн зүгээс бизнесийн таатай орчин бүрдүүлэх стратегийн чухал шийдвэрүүдийг зарлаж
  • “ICT JOB Fair” буюу ажлын байрны өдөрлөгөөр хүний нөөцийн чадавхыг сайжруулах, салбарын мэргэжилтнүүдийг ажлын байранд зуучлах
  • Бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдыг холбох
  • Олон улсын технологийн платформ, шийдлүүдийн боломжуудыг нээх
  • Улс даяар дижитал шилжилтийн нэгдсэн ойлголттой болох /21 аймгийг хамруулах/
  • Салбарын бүх оролцогч талыг хамруулж, хамтын ажиллагааг сайжруулах гэх мэт есөн үр дүнд хүрэхээр төлөвлөн ажиллаж байна.

“ICT Expo 2023”-ын хөтөлбөртэй ЭНД дарж танилцах боломжтой. 

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0