Мэдээ уншиж байна...

Админ 2023/06/12 (0) (16)

Парламентын боловсролын сурагчдын анхны клуб байгуулагдлаа

Улсын Их Хурлын Тамгын газраас 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс “Парламентын боловсрол” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж эхэлсэн билээ. Хоёр дахь жилдээ амжилттай хэрэгжиж буй тус хөтөлбөрийн хүрээнд 102 багшийг сургагч багшаар бэлтгэсний нэг нь Нийслэлийн ерөнхий боловсролын 148 дугаар сургуулийн багш Г.Баярмаа юм. Тэрбээр энэ хөтөлбөрөөс олж авсан мэдлэг, мэдээллээ сурагчдадаа хуваалцахын зэрэгцээ үе тэнгийнхний нөлөөллийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр зорьж, анхны “Парламентын боловсрол” клубийг 2022 онд өөрийн сургууль дээрээ санаачлан байгуулжээ.

Тус клубт нийгмийн ухааны чиглэлээр мэргэжил эзэмшихээр сонгосон 9-11 дүгээр ангийн 18 хүүхэд хамрагдаж, “Парламентын боловсрол” хөтөлбөрийн гарын авлагад тусгасан 14 сэдвийн хүрээнд өөрсдийн мэдлэгээ өргөжүүлжээ. Клубийн хүүхдүүд Төрийн ордонд зочилж, “Үндсэн хууль” сэдвийн хүрээнд анхны хичээлээ хийж, УИХ-ын үйл ажиллагаа, хууль тогтоох үйл явцтай танилцсан байна.

Г.Баярмаа: Оролцоотой, идэвхтэй, зөв төлөвшилтэй, үзэл бодлоо ханаа ч илэрхийлж чаддаг иргэнийг төлөвшүүлэхийг зорьдог

“Ардчиллын үнэт зүйлс, үндсэн зарчим, 21-р зууны ардчилсан үйл явцын онцлогийн тухай мэдлэгээ сайжруулахын зэрэгцээ өөрийн оронд болон дэлхий дахинд болж буй засаглалын шинэ ололт амжилт, саад бэрхшээл, гэтлэн давах арга замын талаарх хэлэлцүүлэг, ярилцлагад идэвхтэй оролцох нь парламентын боловсролын гол шалгуур бөгөөд парламентад юу болоод өнгөрснийг шүүн хэлэлцэх бус, болж буй үйл явдалд иргэд дангаараа эсвэл хамтран нөлөөлж чадах, эсэхээр ач холбогдол нь хэмжигдэнэ. Хүүхэд залуучуудад ийм чадварыг алхам алхмаар эзэмшүүлэх замаар хууль тогтоох үйл ажиллагаанд санаачилгатай оролцож, эрхээ эдэлдэг, идэвхтэй, зөв төлөвшилтэй, үзэл бодлоо хаана ч илэрхийлж чаддаг иргэнийг төлөвшүүлэхийг зорьж байна. Ийм учраас клуб байгуулсан” хэмээн Г.Баярмаа багш ярилаа.

Энэ хичээлийн жилд Г.Баярмаа багш сурагчдынхаа илтгэх урлах, мэтгэлцэх чадварыг дээшлүүлэхэд голлон ажилласан байна. Эхэндээ нэгнээсээ ичиж, бишүүрхэн ярьж чаддаггүй байсан хүүхдүүд нэг сарын дараа “Сумдын нэгтгэх эсэх” асуудлаар хоорондоо мэтгэлцэж, үе тэнгийнхээ хүүхдүүдийн дунд нэмэлт мэдлэг олгох нөлөөллийн ажлуудыг өөрсдийн санаачилгаар хийсэн байна. Тухайлбал, 7-8 дугаар ангийнхны дунд парламентын боловсролын АХА тэмцээнийг хийж, “Таны эрх бусдын эрхээр хязгаарлагддаг” аяныг өнгөрөгч 3 дугаар сард зохион байгуулжээ.  Мөн “Урамтай өдөр-Маскаа зүүгээрэй” аяныг өрнүүлсэн байна.

Сурагчид: Бид өөртөө итгэлтэй болсон. Оролцоо ямар чухлыг ойлгосон

Бүрэг ичимхий, өөртөө итгэлгүй байдлаасаа гарч, идэвхтэй, оролцоотой болсон. Багаар ажиллахад суралцаж, хамт олны уур амьсгал сайжирч, нэгдмэл болж байгааг өдөр тутамдаа мэдрэх сайхан байгаа талаараа сурагчид хэлж байв.

О.Мөнх-Эрдэнэ: "Парламентын боловсрол" клубт хамрагдах сонирхолтой хүүхдийн тоо улам нэмэгдэж байгаа 

Нийслэлийн ерөнхий боловсролын 148 дугаар сургуулийг Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутагт дэвсгэрт 2021 онд барьж, ашиглалтад оруулжээ. Нийт 1700 гаруй хүүхэдтэй үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд энэ сургуульд 12 орчим сурагчдын клуб ажилладаг байна. "Парламентын боловсрол" клубт хамрагдах сонирхолтой сурагчдын тоо нэмэгдэх болж. Энэ клубийн үйл ажиллагааг сургуулийн удирдлагаас улам дэмжиж, өргөжүүлэхээ сургуулийн захирал О.Мөнх-Эрдэнэ амласан юм.

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, хууль зүйн ухааны доктор Л.Өлзийсайхан “Парламентын боловсрол” хөтөлбөрийн үзэл санаа, зорилгыг хэрэгжүүлж чадсан “онцлох сургууль, онцлох багш, онцлох хүүхдүүд”-тэй уулзаж, ярилцав.

Л.Өлзийсайхан: “Парламентын боловсрол” хөтөлбөр яг ийм клубийг, яг л ийм идэвхтэй, өсөж дэвших хүсэл эрмэлзэлтэй өсвөр үеийнхнийг бий болгохыг зорьсон

“Өөрсдийн санаачилгаар “Парламентын боловсрол” хөтөлбөрийн үзэл санаа, зорилгыг ойлгож, энэ клубт элсэж, нэгэн хичээлийн жилийн хугацаанд хамтдаа хөгжсөн гэдгийг сонсох энэ хөтөлбөрийг анх 2018 онд санаачилгыг гаргаж байсан хүний хувьд хамгийн баяртай мөчүүдийн нэг байлаа. Тийм учраас өнөөдөр Та бүхнийг зорьж уулзахаар ирсэн юм. “Парламентын боловсрол” хөтөлбөр яг ийм клубийг, яг л ийм идэвхтэй, өсөж дэвших хүсэл эрмэлзэлтэй өсвөр үеийнхнийг бий болгохыг зорьсон. Бидний алсын хараа, холын мөрөөдөл бодитой хэрэгжиж байгаад баяртай байна. “Парламентын боловсрол” клубийн хүүхдүүд хөтөлбөрийн үндсэн сургалтаас гадна олон нөлөөллийн ажлуудыг өөрсдөө санаачлан хийж, үеийн найзууд, сургуулийн хамт олон, гэр бүлийнхэндээ хүрч ажиллажээ. Үүнийг л жинхэнэ, бодитой, идэвхтэй оролцоо гэж хэлээд байгаа юм. Та бүхэн нийгмийнхээ хөгжилд ингэж оролцож байна гэдэг нь өөрөө маш их мэдлэг, ур чадвар, туршлага олж авах гол түлхүүр нь байдаг. Мэдлэг мэдээлэл бол хүч юм” хэмээгээд хүүхэд залуучууд энэ хүч чадлыг ухамсарлаж, өөрийгөө хүчирхэгжүүлэн, бидний хамтын үнэт зүйл болсон ардчилал, хүний эрх, Үндсэн хуулийн тухай ойлголт, мэдлэгээ гүнзгийрүүлэх нь орчин үеийн иргэн хүний хөгжлийн гол чиг хандлага болж буйг дурдав.

Түүнчлэн Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан “Парламентын боловсрол гэж юу вэ?”, “Парламентын боловсрол” хөтөлбөрийн цаашдын зорилгын талаар танилцуулсан.

Улсын Их Хурлын Тамгын газраас Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлал, ардчилал, хүний эрхийн суурь ойлголтуудыг хүүхэд багачуудад ойлгомжтойгоор хялбаршуулан тайлбарласан “Үндсэн үлгэр” номыг зохиолч, сэтгүүлч, яруу найрагч Р.Эмүжинтэй хамтран бүтээсэн юм.

Р.Эмүжин: Дэлхийн хэмжээний мэдлэг, боловсролтой иргэдийг төлөвшүүлэн бэлтгэх нь бидний үүрэг. Мэдлэгийн хүчийг бий болгохын тулд унших хэрэгтэй

“Ажил мэргэжлийн онцлогтой холбоотойгоор Үндсэн хуулийг 10 гаруй удаа уншиж байсан ч өөрт шууд хамааралтай 18 эрх, 5 үүргийнхээ тухай тогтож уншиж байгаагүйгээ номын зохиолч үгийнхээ эхэнд онцлов. Үндсэн хуулиа багачуудад таниулмаар байна, тэгж байж ардчилсан парламентын засаглалаа ирэх цагийнханд атгуулна. Тиймээс хоёр хүүгээрээ номын зургаа зуруулж, энгийн үлгэрээр дамжуулан улсын ирээдүйг залгамжилж авах хойчийн эздэд зориулсан номоо гаргалаа. Дэлхийн хэмжээний мэдлэг, боловсролтой иргэдийг төлөвшүүлэн бэлтгэх нь бидний үүрэг. Мэдлэгийн хүчийг бий болгохын тулд унших хэрэгтэй” гээд  “Үндсэн үлгэр”-ээс эрхээ мэдэж, үүргээ ухамсарлаж ойлгохыг номын зохиогч Р.Эмүжин сурагчдад захив хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв. 

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0