Мэдээ уншиж байна...

Боловсролын ерөнхий хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх, ухаан, спортын байнгын хорооны 2023 оны зургаадугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар 2021 оны зургаадугаар сарын 21-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Боловсролын ерөнхий хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын анхны хэлэлцүүлгийг тус тус хийж, Төрийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн ариун цэврийн байгууламжаар солих төслийн ажлын явцын мэдээллийг сонсохоор төлөвлөжээ.

Хуралдааны эхэнд Боловсролын ерөнхий хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.  Эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгыг Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Г.Дамдинням танилцуулав.  

Түүний дараа Боловсролын ерөнхий хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явууллаа.

Саналын томьёололтой холбогдуулан УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Н.Учрал, С.Чинзориг, Т.Доржханд нарын гишүүд Ажлын хэсгээс асуулт асууж, хариулт авлаа. Тухайлбал, Элсэлтийн ерөнхий шалгалтын агуулга, арга зүйг шинэчлэх, үнэлгээг сайжруулахад ямар өөрчлөлт хийж байгаа талаар, боловсролын салбарт сургалтын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авахад бүрдүүлэх бичиг баримт, түүнд тавигдах нэмэлт шаардлагууд нь Зөвшөөрлийн тухай хуульд хэр нийцэж байгаа талаар асуусан.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Элсэлтийн ерөнхий шалгалтыг жилд хоёр удаа авдаг болсон. Шалгалтын үнэлгээний төвшинд шинэчлэл хийж байна. Тухайлбал, математик нь суурь шалгалт болж цаашид  гүнзгийрүүлэн суралцагчдад үнэлгээ нь өөр байхаар эсвэл дагалдах шалгалт бол бас үнэлгээ өөр байхаар шинэчлэл хийнэ. Мөн тэрбээр XXI зуунд цахим болон англи хэлний ур чадварыг эзэмшүүлэх хөтөлбөрийн шинэчлэл хийгдэж байна гэв.

 Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Боловсролын салбарын онцлогоос хамаарч, Зөвшөөрлийн тухай хуулиас гадна хариуцлагажуулах, чанаржуулахад анхаарсан шаардлагыг хуульчлан оруулах ёстой гэж үзэж байгаа гэв.

Түүний дараа Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын анхны хэлэлцүүлгийг явууллаа.

Ажлын дэд хэсгээс  зарчмын зөрүүтэй 33 саналын томьёоллыг бэлтгэсэн байна.  Монгол Улсын Их хурлын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуулийн дагуу байнгын хороо хуулийн төслийг зүйл, заалт бүрээр хэлэлцэнэ гэж заасны дагуу хэлэлцлээ.  Ажлын дэд хэсгийн  зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж, зүйл бүрийг хэлэлцэж дууслаа. Байнгын хорооны санал, дүгнэлтийг Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Г.Дамдинням танилцуулахаар болов.  

Байнгын хорооны хуралдаанд Төрийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн ариун цэврийн байгууламжаар солих төслийн ажлын явцын мэдээллийг Боловсрол, шинжлэх ухааны сайд  Л.Энх-Амгалан танилцуулсан.

Тэрбээр, энэхүү төсөл нь дөрвөн ээлжээр хэрэгжих бөгөөд 1,2 дугаар  ээлжинд  16 аймгийн 92 суманд хэрэгжиж байна. Нийт 307 объект баригдахаас 183 ашиглалтад орж, 29 нь комисс ажиллахад бэлэн болж, 95 нь угсралтын ажил үргэлжилж байна. Мөн 3 дугаар ээлжинд 17 аймгийн 130 сум, 4 ээлжинд 18 аймгийн 92 сумын сургууль, цэцэрлэг, дотуур байр орчин үеийн ариун цэврийн байгууламжаар солих төсөлд хамрагдана. 2023 оны зургаадугаар сарын 15-ны өдрийн байдлаар 35,6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг гүйцэтгэлээр олгоод байна. Сум бүрт баригдах ариун цэврийн байгууламж бүрийн төсөв өөр өөр байгаа. Тухайлбал, Архангай аймгийн Хайрхан сумын дотуур байрын ариун цэврийн байгууламжийн төсөв 267,1 сая төгрөг бол Баян-Өлгий аймгийн Булган сумын ерөнхий боловсролын сургуулийн ариун цэврийн байгууламжийн төсөв 341,7 сая төгрөг байх жишээтэй. Ерөнхийдөө тухайн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, дотуур байрны  хүчин чадлаас хамаарч нэг объектын бодит өртөг 160.0-180.0 сая төгрөг болж байна.

Энэхүү төслийг хэрэгжүүлэхэд ажлын зураггүй атал ажлыг эхлүүлсэн, хөрөнгө, санхүү дутагдах, орон нутгийн газрын харилцаанд асуудал үүсэх, технологийн шийдлийг оновчтой сонгох зэрэгт олон бэрхшээл гарсан ч зовлон тоочиж суух эрхгүй. Ямар ч байсан асуудлын шийдлүүдийг олж, ажиллахыг хичээж байна хэмээв.

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан, энэхүү төслийг хэрэгжүүлж буй Ажлын дэд хэсэг хангалтгүй ажиллаж байгааг шүүмжилж, хөдөө орон нутагт хүрч ажиллаж чадаж байгаа эсэх талаар лавлав.

Ажлын хэсгээс өнгөрсөн хугацаанд 180 гаруй  ариун цэврийн байгууламжийг хүлээж авахад биечлэн очиж, чанар, стандартыг хангуулан биечлэн очиж байгаа талаар танилцуулсан.

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа, зураг төсөлгүй ажил эхлүүлсэн, чанаргүй ариун цэврийн байгууламж барьсан зэрэг  хариуцлага алдсан гүйцэтгэгч компаниуд болон зарим сум орон, нутгийн, сургуулийн удирдлагуудад  хариуцлага тооцох шаардлагатай байна. Энэ талд ямар арга хэмжээ авах талаарх асуултад Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, хариуцлага тооцох асуудал хоцроогүй. Захиалагчийн хариуцлагагүй байдлаас гүйцэтгэгчийн алдаа гаргасан бүрт хариуцлага тооцох учиртай.  “Эрдэнэт” үйлдвэрээс өсгөн 100 тэрбум төгрөгийн санхүүжилт бол татвар төлөгчдийн мөнгө. Энэ хөрөнгөөр 600 орчим объектыг барьж байгуулна. Харин цаашдаа зөв ашиглаад явах сэтгэл, хандлага маш чухал байна. Энэ бол соёлын том хувьсгал, сэтгэлгээний өөрчлөлт юм. Мөн хот, хөдөөгийн сургуулиудын ялгааг арилгахад гарч буй дэвшил  гэв.

Тус байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, нүхэн жорлонг орчин үеийн ариун цэврийн байгууламжаар солих 4 шатны төслийн хэрэгжилтэд хяналт тавих ажлыг сайжруулах шаардлагатай гэдгийг бид ярилцлаа. Байнгын хорооны  гишүүдийн илэрхийлж буй санал, байр суурийг харгалзан Байнгын хорооноос гурван чиглэлийг Ажлын хэсэгт өгч байна. Нэгдүгээрт, төслийн өмнөх шатанд алдаа гаргасан хүмүүст хариуцлага тооцох, хоёрдугаарт,  шинээр баригдсан цэвэрлэх байгууламжийг зориулалтын дагуу ашиглаж буй эсэхт анхаарал тавих, 160 гаруй сая төгрөгийн нэмэлт санхүүжилтийг Засгийн газрын хуралдаанаар оруулж, шийдвэрлүүлэх чиглэлийг өгч байна гэв хэмээн УИХ-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0