Мэдээ уншиж байна...

Админ 2023/08/04 (0) (7)

Үйлдвэрийн гудамж, Гачуурт-Шархад чиглэлийн замын ажил 50 гаруй хувьтай байна

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах хүрээнд авто зам тавих, өргөтгөн шинэчлэх ажил үргэлжилж буй. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Чингисийн өргөн чөлөөнөөс Баруун үйлдвэрийн гудамж, мөн Гачууртаас Шархадны автобусны эцсийн зогсоол хүртэлх авто зам, гүүрний ажлын явцтай танилцаж, газар дээр нь ажиллалаа.

Тодруулбал, Чингисийн өргөн чөлөөнөөс Баруун үйлдвэрийн гудамж хүртэлх 1.2 км урт, дөрвөн эгнээ авто зам, 33 метр урт гүүрний ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд ажлын хэрэгжилт 52 хувьтай байна. Үүнээс гүүрний явах ангийн цутгалт дуусаж, хучилтын ажил хийхэд бэлэн болсон. Наймдугаар сарын сүүлч гэхэд  ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа юм. Авто замын хувьд далангийн дүүргэлт, борооны ус зайлуулах шугам, хашлага суурилуулах үргэлжилж байна. Авто замын трассын нөлөөлөлд өртсөн нэг нэгж талбар буюу “Эрэл групп” ХХК-ийн ашиглалтаас гарсан төмөр замыг албадан чөлөөлсөн боловч тус компанийнхан ажил хийхэд саад учруулсаар байгаа юм.

Замын ажлыг гүйцэтгэгч “Тотал-Инж” ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Анхбаяр:

-Говийн замыг Мишээл экспотой холбосон гүүрний ажлыг гүйцэтгэж байна. Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж ашиглалтад орох хугацаанд өөрчлөлт орж магадгүй. Өнгөрсөн сард орсон борооны улмаас 20 гаруй хоног алдлаа. Гэхдээ нөөц бололцоогоороо ажлаа шахаад хугацаанд нь хүлээлгэж өгөхөөр төлөвлөж байна. Гүүрийг наймдугаар сарын 20-н гэхэд, замын ажлыг аравдугаар сард дуусгахаар ажиллаж буй гэлээ.

Түүнчлэн Гачууртын авто замаас Шархадны автобусны эцсийн зогсоол хүртэлх 4.27 км авто зам, Улиастай голын 97.3  метр урт төмөр бетон гүүрний ажил үргэлжилж байна. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас эхэлсэн энэ бүтээн байгуулалт 53 хувьтай байгаа юм. Тодруулбал, гүүрний ажлын хүрээнд нийт найман дам нурууг тавиад буй. Гүүрэн байгууламжийн хувьд нэг нэгж талбарын газар чөлөөлөлт хийгдээгүй, үүнээс УСУГ-ын харьяа 449 дугаартай цэвэр усны худаг шилжүүлэх шаардлагатай байна.

Хотын дарга Д.Сумъяабазар:

-Түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд холбоос замууд дээр онцгой анхаарч байна. Замын хөдөлгөөний ачааллыг бууруулахад чухал нөлөөтэй учир эдгээр замын ажлыг яаравчлах, хугацаанд нь ашиглалтад оруулах нь нэн чухал. Газар чөлөөлөлт болон зарим нэг зургийн алдаанаас үүдсэн асуудал гарч байна. Үүнийг шийдэхэд нийслэлийн зүгээс дэмжиж ажиллана. Түүнчлэн үерийн нөхцөл байдалтай холбоотойгоор ажлууд хойшилсон. Гэхдээ нөөц бололцоогоо дайчлаад төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Нөгөө талаас иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс замын бүтээн байгуулалтыг далангийн байгууламжтайгаа уялдуулах шаардлагатай. Энэ тал дээр анхаарч ажиллахыг холбогдох газруудад үүрэг болголоо хэмээлээ.

Нийслэлийн Замын хөгжлийн газрын Зам барилга, инженерийн байгууламжийн хяналтын хэлтсийн мэргэжилтэн Б.Одбаяр:

-Түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд дөрвөн гол буюу Улиастай, Гачууртын зам, Зайсангийн гүүр, Наадамчдын замаас Энхтайваны өргөн чөлөө хүртэлх гүүрэн зам, Ард Аюушийн өргөн чөлөөг Толгойтын замтай холбох замын ажил үргэлжилж байна. Нийтийн тээврийн чиглэлүүдийг хөгжүүлэх зорилгоор эдгээр замыг дөрвөн эгнээ тавьж байгаа. Тухайлбал, Шархадны автобусны эцсийн зогсоол хүртэлх энэ зам ашиглалтад орсноор Гачууртын замын ачаалал 50 хувь буурах юм гэлээ.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0