Үер усны гамшгийн нөхцөл, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Нийслэлийн онцгой комиссоос мэдээлэл өглөө. Тодруулбал, Наймдугаар сарын 5-ны 19:30 цагаас Улаанбаатар хотод орж эхэлсэн усархаг аадар борооны улмаас Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны нутаг дэвсгэр буюу Жамсран уулын баруун аманд уруйн үер буусан. Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас өгсөн мэдээллээр 20:00 цагт 5 мм, 20:00 цагаас хойш 7 мм буюу нийт 12 мм хур тунадас орсон байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар:
-Улаанбаатарт орсон ширүүн борооны улмаас дөрвөн хүний эрдэнэт амь эрсдэж, олон айл өрх усанд автаж орон гэргүй болж, цөөнгүй иргэн өмч хөрөнгөөрөө хохироод буй. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага дарь эхийн 1 дүгээр гудамжинд байрлах монгол гэрт иргэн М /61 настай, эмэгтэй/ иргэн О /32 настай, эмэгтэй/ нар цахилгаанд цохиулан нас барсан. Тэд Хэнтий аймгийн Хэрлэн сумын оршин суугчид байсан бөгөөд Улаанбаатар хотод түр хугацаанд ирээд байжээ.
Мөн Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дарь эхийн “Элбэг” маркетын гадна эхнэр, нөхөр хоёр автомашинтайгаа үерт автаж, жалга руу урсан осолдсон бөгөөд 10 сартай хүүхэд олдохгүй байна гэсэн дуудлага мэдээлэл ирсэн. Цагдаагийн бие бүрэлдэхүүн эрэн хайх ажиллагаа явуулж 10 сартай хүүхдийн цогцсыг олсон. Түүнчлэн Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны Дунд дарь эхийн дугаар тоотод оршин суугч иргэн Э-ийн эзэмшлийн сууцанд хэн болох нь тодорхойгүй, 20-25 орчим насны эрэгтэй хүний цогцос олдсон.
Үерийн гамшгийн үеэр амь эрсэдсэн хүмүүсийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье. Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс эдгээр иргэний ар гэрт тус бүр хоёр өрөө орон сууц олгохоор шийдвэрлэлээ. Хэдийгээр хүний амь насыг эд хөрөнгөөр барагдуулах боломжгүй ч бид шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллана. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагууд ч нийгмийн хариуцлагын хүрээнд үерт өртсөн иргэдэд туслахаар хамтран дэмжлэг үзүүлэхээ илэрхийлээд байна. Тусламж дэмжлэг үзүүлэх иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд дүүргийн онцгой комисс руу хандахыг хүсье хэмээлээ.
Үерийн улмаас Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны нийт 282 айл өрх усанд өртсөн. Одоогоор 50 айл өрхөд тусламж үйлчилгээ үзүүлсэн бөгөөд үлдсэн 232 айл өрхөд тусламж үзүүлэн ажиллаж байна. Мөн 500 орчим иргэний аюулгүй байдлыг хангаж, иргэдийн амь нас эрүүл мэндийг авран хамгаалаад буй. Одоогоор орон гэргүй болсон 16 өрхийн 70 иргэн байгаа бөгөөд тэдэнд Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс тус бүр монгол гэр иж бүрэн тавилгатай нь олгохоор шийдвэрлэснийг тэрбээр мөн онцлов.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.