Сэтгэгдэл 0
Үер усны гамшгийн нөхцөл, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Нийслэлийн онцгой комиссоос мэдээлэл өглөө. Тодруулбал, Наймдугаар сарын 5-ны 19:30 цагаас Улаанбаатар хотод орж эхэлсэн усархаг аадар борооны улмаас Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны нутаг дэвсгэр буюу Жамсран уулын баруун аманд уруйн үер буусан. Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас өгсөн мэдээллээр 20:00 цагт 5 мм, 20:00 цагаас хойш 7 мм буюу нийт 12 мм хур тунадас орсон байна.
Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үерийн улмаас үүссэн нийт 1003 тонн лаг шавар хог, шороог тээвэрлэж, цэвэрлээд байна. Усанд урссан 54 тээврийн хэрэгслийг татан гаргаж, авто замыг чөлөөлж, Хот тохижилтын газрын 89 хүнтэй баг 24 машин механизмтай ажиллаж, хог, лаг шаврыг цэвэрлэн Цагаан давааны төвлөрсөн хогийн цэгт тээвэрлэн хүргэж байна.
Үүссэн нөхцөл байдлын улмаас сэргээн засварлах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиглэлээр үерийн усанд урссан Дарь эхийн уулзвар, Дамбадаржаагийн уулзвар, Дарь-эхээс Монел руу эргэдэг хэсгүүдийн уулзвар, мөн 127 дугаар сургууль, “Элбэг” хүнсний дэлгүүрийн уулзварыг хаасан.
Түүнчлэн автозамыг хүчитгэх ажлыг зохион байгуулахаар Авто замын газрын баг Зүүн захаас замын зорчих хэсгийг хусаж, хуурай дайрга шороог автомашинаар зөөн тээвэрлэж ажиллаж байна. Мөн хог, лаг шаврыг цэвэрлэх ажилд Зэвсэгт хүчний анги, байгууллагын 400 алба хаагч ажиллаж, үерийн хор уршгийг арилгах, сэргээн босгох ажилд оролцож байна. Түүнээс гадна Онцгой байдлын байгууллагаас нийт 315 алба хаагч, зургаан техник хэрэгсэлтэй ажиллан үерийн улмаас үүссэн хог, лаг шаврыг цэвэрлэх ажлыг гүйцэтгэж байна.
Тодруулбал, нийт 1175 ажилтан албан хаагч, тусгай зориулалтын 68, үйлчилгээний 20 автомашин техниктэйгээр ажиллаж байгаа юм.
Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас өгсөн мэдээллээр цахилгаангүй 12 дэд өртөө, 726 өрх хүчдэлгүй байгаа бөгөөд 131 дэд өртөө, 6200 хэрэглэгчийг цахилгаанд холбов. Одоогийн байдлаар шуурхай албаны 68 инженер, техникийн ажилтан, 18 автомашинтай үүрэг гүйцэтгэж байна.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.