Мэдээ уншиж байна...

Админ 2023/08/09 (0) (9)

Илүүдэл жин, таргалалтад эрүүл бус хүнсний зар сурталчилгаа хүчтэй нөлөөлдөг

“Хүүхдэд чиглэсэн эрүүл бус хүнсний телевизийн зар сурталчилгааны өнөөгийн байдлыг Азийн есөн орноор харьцуулсан судалгаа” төслийн үр дүнг танилцуулах уулзалт өнөөдөр /2023-08-08/ боллоо.



Энэхүү төсөл нь хүүхэд залуусын дунд түгээмэл тохиолдож байгаа хоол тэжээлээс хамааралт эмгэгийн тархалтыг нэмэгдүүлэхгүй байх, түүнээс үүдэлтэй халдварт бус өвчнөөс сэргийлэх зорилгоор хүүхдэд чиглэсэн хүнсний зар сурталчилгааг зохицуулах эрхзүйн орчинг сайжруулах, түүнчлэн салбар хоорондын үйл ажиллагааг сайжруулахад оролцогч талуудын оролцоог хангах, нэгдсэн ойлголцолд хүрэхэд чиглэсэн юм.



Төслийн удирдагч, багийн гишүүдээс гадна НҮБ-ын Хүүхдийн сан, ЭМЯ, БШУЯ, ХХААЯ, СХЗГ, ЦХХЯ, АШУИС, Нийслэлийн боловсролын газар, Харилцаа холбооны зохицуулах газар, НЭМҮТ, Монголын Хоол-Хүнс тэжээлийн холбоо ТББ-ын төлөөлөл, холбогдох албан тушаалтнууд оролцсон уг уулзалтыг НЭМҮТ-ийн Хоол судлал, хүнсний аюулгүй байдлын албаны дарга Ж.Баясгалан нээж,  төслийн багийнхан дэлгэрэнгүй танилцуулга хийлээ.



Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дундах эрүүл мэндийн зан үйлийн судалгааны дүнг авч үзвэл өсвөр насны сурагчдын дундах илүүдэл жин, таргалалт 2013 онд 12.1 хувьтай байсан бол 2020 оны байдлаар 18.2 хувь болж нэмэгдсэн байна.



Хүүхэд, залуучуудын дундах илүүдэл жин, таргалалтад илчлэг өндөртэй хоол, ундаа зэрэг эрүүл бус хүнсний зар сурталчилгаа хүчтэй нөлөөлж байгааг олон судалгаагаар баталсан. Мөн хорт зуршлын хэрэглээнээс гадна хөдөлгөөний идэвхгүй байдал, эрүүл бус хооллолт нь хүн амын дундах халдварын бус өвчин нэмэгдэх голлох шалтгаанд болж байгаа бөгөөд сүүлийн үед эрүүл бус хооллолтын шалтгаантай илүүдэл жинтэй, таргалалттай хүүхэд залуусын тоо нэмэгдсээр байна. Иймд хүүхэд, залуус руу чиглэсэн эрүүл бус хоол хүнсний зар сурталчилгааг хянах, хоол хүнсний эрүүл орчин буюу хүрэлцээ, хангамжийг бүрдүүлэх, олон нийтийн дэмжлэгийг авах зэрэг томоохон өөрчлөлтийг хийх нь хүүхэд залуучуудын илүүдэл жин, таргалалтыг бууруулах, сэргийлэх чухал алхам болно гэдгийг төслийн багийнхан онцолж байлаа.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0