Мэдээ уншиж байна...

Админ 2023/08/10 (0) (9)

Үерт өртсөн өрхүүдэд 609 хүүхэд, 108 ахмад настан, 27 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна

Баянзүрх дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсээс  үер буусан 21,27,29 дүгээр хороодод 9 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг газар дээр нь ажиллаж нийт үерийн гамшигт өртсөн өрх, аж ахуйн нэгжийн  нарийвчилсан судалгааг хороо тус бүрээр гаргаад байна.

Дүүргийн Онцгой комиссоос Улсын бүртгэлийн хэлтсийн дарга П.Баярмөнх, Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Ш.Ариунтуяа, Хөдөлмөр, халамжийн хэлтсийн Захиргаа,хяналтын тасгийн дарга Ч.Гүндсамбуу нараар ахлуулсан 3 ажлын хэсэг байгуулж 2023 оны 08 дугаар сарын 08-ны 21 цагийн байдлаар 21,27,29 дүгээр хороодын үерт өртсөн  өрхийн нөхцөл байдалтай танилцаж ажиллав. Эдгээр  өрхөд 1430 иргэн байгаагаас хүүхэд 609, ахмад настан 108, хөгжлийн бэрхшээлтэй иргэн 27 байна.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд дүүргийн Хөдөлмөр,халамжийн үйлчилгээний хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Хүүхэд гэр бүл, залуучуудын хэлтэс, Улаан загалмайн хороо, хорооны Засаг даргын ажлын алба зэрэг байгууллагуудын төлөөлөл орж ажилласан бөгөөд үерт автсан айл өрхүүдээс иргэний биеийн байдал болон эд хөрөнгийн нөхцөл, ам бүл, хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй эсэх зэргийг судалж үерийн дараах нөхцөл байдлын судалгаа хийлээ.

Судалгаа нь гэр оронгүй болсон өрхөд гэр олгох, нийгмийн халамжийн үйлчилгээнд хамруулах, эрүүл мэндийн үйлчилгээг хүргэх, хүнсний нэг удаагийн тусламж үзүүлэх зэрэг арга хэмжээг зохион байгуулах төлөвлөгөөг боловсруулахад суурь мэдээлэл болох юм.

Мөн дүүргийн Улаан загалмайн хороотой хамтран Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас ирүүлсэн тусламжийг шаардлагатай өрхүүдэд хүргүүлээд байна.

Дүүргийн түр байрлуулах байранд 18 иргэн байрласны 8 нь хүүхэд 2 нь ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн 1 байна.

Дээрх 3 хорооны хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд 127 дугаар сургуульд байрлах шуурхай штаб дээр 24 цагаар байрлан иргэдэд холбогдох мэдээ мэдээллийг өгч байна гэж Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын яамнаас мэдээллээ.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0