Мэдээ уншиж байна...

Админ 2023/08/30 (0) (9)

Хянан шалгах түр хороог УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар даргална

Монгол Улсын Их Хурлын 2023 оны 63 дугаар тогтоолоор байгуулагдсан “Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооны анхны хурал өнөөдөр (2023.08.29) 11:40 цагт 72.7 хувийн ирцтэйгээр Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд хуралдлаа.Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат даргалж, Хянан шалгах түр хорооны анхны хуралдаанаар Хянан шалгах түр хорооны даргыг сонгож, Хянан шалгах түр хорооны даргыг сонгох тухай түр хорооны тогтоолын төсөл хэлэлцэх талаар танилцууллаа.

Хянан шалгах түр хорооны даргад нэр дэвшүүлэх саналтай гишүүдийн саналыг авахад Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Амгалан, М.Оюунчимэг нар Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг нэр дэвшүүлсэн бол Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар өөрийн нэрийг дэвшүүллээ.

Хянан шалгах түр хорооны даргад нэр дэвшигчдээс Хянан шалгах түр хорооны гишүүд асуулт асууж, хариулт авав. Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, олон нийтийн анхаарлыг татсан асуудлаар Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан Хянан шалгах түр хороо, иймд маш хариуцлагатай ажиллах ёстойг дурдаад, нэр дэвшигч Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатарыг Хянан шалгах түр хороог ахалсан тохиолдолд асуудалд Улсын Их Хурлын гишүүний хувиар хандах уу эсхүл Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувиар хандах уу, Улсын Их Хурлын гишүүн Б. Жаргалмаа, нүүрстэй холбоотой хэргийн хэдэн хувийг шийдвэрлэсэн гэж үзэж байгаа вэ, Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар нүүрстэй холбоотой өөрт байгаа мэдээллийг түр хорооны хуралдаанд нээлттэй ил тод мэдээлж, нээлттэй ажиллах эсэх, Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд нэр дэвшигч Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатарыг хараат бус байдлаар ажиллаж чадах эсэхийг тодруулан асууж, хариулт авав. 

Улсын Их Хурлын гишүүдийн асуултад Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, миний бие Улсын Их Хурлын даргын захирамжаар Улсын Их Хурлын гишүүний хувиар Хянан шалгах түр хорооны гишүүнд томилогдсон. Хянан шалгах түр хорооны гишүүд Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хяналт шалгалтын ажлыг явуулах үүрэг хүлээж байгаа. Хууль тогтоомжийн хувьд зөрчилдөөнтэй зүйл байхгүй гэж үзэж байгаагаа илэрхийллээ. Түүнчлэн Хянан шалгах түр хорооны дарга түр хорооны зохион байгуулалтыг л удирдаж явахаас бус, ганцаараа асуудал шийдэхгүй. Хянан шалгах түр хорооны гишүүд адил тэнцүү саналын эрхтэй оролцож, шинжээчээ сонгож, томилж, нотлох баримтуудаа шинжлэн судалж, нээлттэй хэлэлцүүлгүүдээ зохион байгуулна. Олон нийтэд далд байгаа мэдээллийг ил болгож, олон нийтийн хяналт дор тэдний хардаж буй асуудлуудыг ил болгоно. Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх ажлын хүрээ, мөрдөн шалгах үйл ажиллагаа хоёр бол тусдаа зүйл. Хууль зүй, дотоод хэргийн сайдын үндсэн чиг үүрэг бол бодлого тодорхойлж, бүтэц тогтолцоог боловсронгуй болгох юм. Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд хуулийн хүрээнд нүүрсний хэрэгтэй холбоотой мэдээллүүдийг авч байгаа. Энэ удаагийн Улсын Их Хурлын хийх ажлын томоохон хэсэг бол төрийн болон орон нутгийн өмчит компаниудыг засаглалынх нь хувьд цэгцлэх бөгөөд Улсын Их Хурлын намрын чуулганаар холбогдох хуулийг батлагдаасай гэж хүсэж байна. Энэ удаагийн сонсгол нь Төрийн өмчит компаниудыг цаашид алдаа дутагдал гаргахгүй байх тогтолцоог шинэчлэх, өмнө нь хийгдсэн бүх гэрээ хэлцлүүдийг олон нийтэд ил тод болгох явдал юм хэмээн хариуллаа.

Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, олон нийтэд нийгмийн сүлжээгээр дамжуулан 27 асуудлаар хандаж мэдээлэл хүргэсэн, үүнээс нууцын зэрэглэлтэй хоёр асуудлыг олон нийтэд дэлгэж чадаагүй, миний хувьд нууцлаад байх шаардлагагүй гэж үзэж байгаа ч олон улсын гэрээ учраас хэм хэмжээ зөрчиж тухайн асуудлыг нийтэд мэдээлээгүй. Иймд нүүрстэй холбоотой өөрт байгаа мэдээллийг Хянан шалгах түр хороонд өгөхөө илэрхийлэв. Мөн түүнчлэн сөрөг хүчний хувиар Хянан шалгах түр хороог ахлан, ард түмний өмнө хариуцлага үүрье гэсэн үүднээс өөрийн нэрийг дэвшүүлснээ тодотгож, хараат бус байдлаар ажиллахаа илэрхийлсэн юм.

Хянан шалгах түр хорооны гишүүд нэр дэвшигчдээс асуулт асууж, хариулт авсны дараа Хянан шалгах түр хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг нэр дэвшүүлснийг дэмжье гэсэн томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 55.6 хувь нь дэмжиж, Түр хорооны даргыг сонгох тухай Монгол Улсын Их Хурлын Хянан шалгах түр хорооны тогтоолыг баталснаар хуралдаан өндөрлөв хэмээн Улсын Их Хурлын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0