Мэдээ уншиж байна...

Админ 2023/08/31 (0) (10)

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт “Шүд угаах цаг” бий болгоно

Засгийн газрын 2023 оны наймдугаар сарын 30-ны өдрийн ээлжит хуралдаанаар “Эрүүл шүд” арга хэмжээний төлөвлөгөө (2024-2027)-г 2023 оны гуравдугаар улиралд багтаан баталж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нарт үүрэг болголоо.

“Сургуулийн өмнөх боловсролын байгууллага болон ерөнхий боловсролын сургуульд өдөр бүр “Шүд угаах цаг”-ийг зохион байгуулж, хэвшүүлэх,  цэцэрлэг, ЕБС-д суралцагчдыг шүд угаах цэг бүхий эрүүл ахуйн шаардлага хангасан орчин нөхцөлөөр хангах ажлыг үе шаттайгаар улсын болон гадаадын хөтөлбөр, төсөл, орон нутгийн төсөвт тусган хэрэгжүүлэхийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа.

“Эрүүл шүд” арга хэмжээний хүрээнд шүд, амны хөндийн урьдчилан сэргийлэх болон тусламж, үйлчилгээнд шаардагдах хөрөнгийг Эрүүл мэндийн даатгалын сангийн төсөвт тусган зохион байгуулах арга хэмжээ авахыг Эрүүл мэндийн сайд С.Чинзоригт даалгав.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны гуравдугаар сарын 06-ны өдөр нүүр амны тусламж үйлчилгээ үзүүлж буй төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөлтэй хийсэн уулзалтын үеэр шүд, амны хөндийн эрүүл мэндийг сайжруулах чиглэлээр дорвитой арга хэмжээ авах, 2024 онд “Шүд” төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх үүрэг чиглэл өгч байсан.

Төрөөс 1999-2005, 2006-2015 онд “Амны хөндийн эрүүл мэнд”, 2019-2021 онд “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг тус тус хэрэгжүүлсэн ч шүд цоорох өвчин бүх насны иргэдийн дунд нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг хэвээр байна.

Манай улсын хүүхдийн дунд шүд цоорох өвчний тархалт сүүлийн 40 жилд 85 хувиас буураагүй, 12 хүртэлх настай хүүхдэд тархалт 77, 35-44 насны бүлэгт 98.1, 65-74 насны бүлэгт 99.8 хувьтай байна.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0