Монгол, Хятад хоёр орны соёлын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах, хамтдаа хөгжих, хамтран ажиллах зорилготой “Хятад орныг танин мэдэх” Өвөрмонголын соёлын өдрүүд наймдугаар сарын 30-нд Соёлын төв өргөөнд албан ёсоор нээлтээ хийлээ.
Нээлтийн ёслолд ӨМӨЗО-ы Ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Жан Шин Хүй, Өвөрмонголын Радио телевизийн хорооны дэд захирал Ли Же, Монгол Улсын Соёлын яамны төрийн нарийн бичгийн дарга Ч.Энх-Амгалан, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Соёлын зөвлөх, Улаанбаатар дахь Хятадын төвийн захирал Ли Чжи нар оролцлоо.
Нээлтэд зориулан "Зэвсгийн эрдэм, Шаолинь Үшүгийн тусгай тоглолтыг зохион байгуулсан бөгөөд тус тоглолтыг хоёр удаа тоглуулахаар бэлтгэсэн буюу өнөөдөр дахин Соёлын төв өргөөнд тоглох аж. Энэхүү тусгай үзүүлбэрээс БНХАУ-ын онцлогийг харуулдаг Шаолинь Үшүгийн урлагийн тухай ойлголтыг авахаас гадна, энэхүү өв уламжлалын талаар танин мэдэх боломжийг олгож буй юм.
БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Соёлын зөвлөх, Улаанбаатар дахь Хятадын төвийн захирал Ли Чжи “Манай хоёр улсын соёлын харилцаа эрт дээр үеэс улбаатай. Сүүлийн жилүүдэд хоёр орны соёл, урлагийн харилцаа ахицтай урагшилж байна. Энэхүү үйл ажиллагааг бид өнгөрсөн жилүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулж байсан. Харин энэ удаад цар тахлын дараа анх удаа болж байгаа гэдэг утгаараа онцлогтой” гэж ярилаа.
Соёлын өдрүүдийн хүрээнд Хятадын кино өдрүүд, уран сайхны кино бэлэглэх ёслол, Өвөрмонголын уламжлалт эмнэлгийн эмч нар ирж үзлэг, эмчилгээ хийхээс гадна “Хятадын сайхан дуу Монголын сайхан дуу-2023” дуулаачдын уралдаан зэрэг олон нийтэд хандсан урлаг, соёлын үйл ажиллагааг Улаанбаатар хотод есдүгээр сарын 4-ний өдөр хүртэл зохион байгуулж байна.
ӨМӨЗО-ы Ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Жан Шин Хүй “Бид энэхүү өдрүүдийн хүрээнд Монголын ард түмэнд аль хэзээний танил болсон “Аз жаргалтай амьдрал 3” олон ангит кино бэлэглэж, мөн Өвөрмонголын монгол анагаах ухааны олон эмч нар үнэ төлбөргүй үзлэг оношлогоо хийж байна. Мөн Хятадын кино өдрийн хүрээнд нэрд гарсан олон уран сайхны киног Монголын үзэгчдэд үзүүлэхээр авч ирсэн” гэж ярилаа.
Соёлын өдрүүдийн хүрээнд "Нүүдэлчин дэлхий", "Цагаан могой", "Ангалын ирмэгт", "Дэлбэрэлт", "Сүүн далайн зэрэглээ", "Гайхамшгийг бүтээгч" зэрэг зургаан киног монгол хэл дээр орчуулан үзэгчдийн хүртээл болгох аж.
“Хятад орныг танин мэдэх” Өвөрмонголын соёлын өдрүүдийг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам болон Монгол Улсын Соёлын яам хамтран зохион байгуулж байна.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.