Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас 1 дүгээр хороо, Натурын гүүрнээс “S’Outlets” дэлгүүр хүртэл Сэлбэ гол дагуу үерийн эрсдэлээс хамгаалж хийсэн шороон түр даланг зөөж, тээвэрлэх ажлыг өчигдөр орой буюу есдүгээр сарын 4-ний 18:00 цагаас өнөөдрийн 09:00 цаг хүртэл хийлээ.
Түр даланг шөнийн цагаар зөөвөрлөхөд дүүргийн ЗДТГ болон Цагдаагийн 1-р хэлтэс, Замын цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, “Сүхбаатар дэвшил” ОНӨААТҮГ, “Сүхбаатар дэвшил менежмент” ААТҮГ-ын 180 гаруй ажилтан, албан хаагч 38 машин механизмтай ажиллав.
Түр далангаас нийт 147 рейс буюу 3380 шоо метр шороог тээвэрлэн асгаад байна. Далангийн шороог зөөвөрлөх үед орчны тоосжилтыг бууруулахаар усаар мананцар үүсгэн байнга чийгшүүлэлт хийхийн зэрэгцээ дөрвөн удаа ариутгал халдваргүйтгэл хийсэн. Дээрх хугацаанд Сэлбэ гол дагуух үерийн хүчитгэсэн түр далангийн 70 орчим хувийн шороог зөөж тээвэрлэн цэвэрлэгээ, ариутгал хийлээ. Үлдсэн хэсгийг өнөө шөнөдөө зөөж дуусгахаар төлөвлөөд байна.
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЗДТГ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.