Мэдээ уншиж байна...

Админ 2023/09/26 (0) (9)

Э.Бат-Оргил: Хуучин автобус оруулж ирж байгаа гэх мэдээлэл ташаа

Нийтийн тээврийн парк шинэчлэлээр авч байгаа автобуснуудыг хуучин гэх мэдээлэл цахим орчинд түгсэн. Үүнтэй холбоотойгоор холбогдох албаныхан мэдээлэл өглөө.

Шинэ автобусны техникийн үзүүлэлтийн талаар “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын ашиглалтын инженер Э.Бат-Оргил:

 -Шинэ ногоон автобуснууд нь БНСУ-ын “Daewoo” компанийнх. Тус компани нь дэлхийн долоон оронд салбар үйлдвэртэй. Энэ бол “Daewoo” компанийн Вьетнамд угсралт хийсэн автобус. Шинэ автобус, техник хэрэгсэл ямар байдаг, тэр дагуу бүгд шинэ, бас хуулгатай, бичиг баримттай. Автобусны гэрэл нь лед, таван паартай, дулаалгын тусгай материал ашигласан. Өмнө нь бол дулаалгад хөөсөнцөр ашигладаг байсан. Үйлдвэрлэлийн явцын бичлэгүүдийг манайд ирүүлсэн. Суудлын бүрээс сайжруулсан лидрен материал. Суудал бүрд агааржуулагчтай. Мөн дөрвөн дэлгэц, утасны USB холбогчтой, цонх нь цантдаггүй. Манайх техникийн нөхцөлөө өгч хүлээж авч байгаа учраас хуучин автобус гэдэг бол ташаа мэдээлэл. Тоног төхөөрөмж, мотор гээд бүх зүйл нь шинэ. “Евро 5” дизель хөдөлгүүртэй, утаа бага ялгаруулах төхөөрөмж суурилуулсан. Зэвний хамгаалалтыг замаск, тос гэж андуурсан мэдээлэл гараад байгаа гэлээ.

Б.Тамир: Нэг жилийн хугацаанд 17 автобус шатсан

Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Тээвэр, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Тамир:

-Улаанбаатар хотод үйлчилгээнд явж байгаа автобуснуудын дийлэнх нь 10-12 жилийн насжилттай болсон. Иймээс ч сүүлийн үед автобус шатсан тохиолдол олон гарч байна. Өдөрт 500-600 мянган зорчигч тээвэрлэдэг. Нэг жилийн хугацаанд 17 автобус шатсан байна. Иймээс парк шинэчлэлийг чинээнд нь тултал нь хийж, эхний автобуснууд үйлчилгээнд явж байгаа. Дизель автобус 20 орчим ороод ирчихсэн, үлдсэн 80 нь маргааш ирнэ. Автобуснуудад цахим карт уншуулах төхөөрөмж суурилуулж, аль болох богино хугацаанд үйлчилгээнд гаргана. Дизель автобуснуудыг холын чиглэлд, цахилгаан автобусаа хотын төвөөр гаргахаар төлөвлөж байна.

Мөн цаг агаарын нөхцөл байдал зэрэгт тохируулан автобуснуудад тодорхой тооны нэмэлт төхөөрөмж хийлгэсэн. Тухайлбал, хөргөлтийн систем, паар зэргийг нэмсэн. Автобуснуудыг зах зээлийн үнээр авч байгаа. 60 автобус авах тендер зарлаад жил гаруй үргэлжилсэн түүх бий. Өдгөө бид 800 гаруй автобусыг шинэчилж байгаа. Үүний цаана нийтийн эрх ашиг яригдах ёстой. Бид аль болох богино хугацаанд парк шинэчлэлийг хийж байна. Мөн нийтийн тээврийн сүлжээ, төлөвлөлтөд ажиллаж, хүлээгдэл багатай байхаар төлөвлөж байгаа. Өглөө, оройн ачаалалтай цагаар Энхтайваны өргөн чөлөөнд богино эргэлтийн чиглэлийг гаргасан. Түүнчлэн өглөөний эх авалтыг бүх буудлаас нэгэн зэрэг эхлүүлдэг системийг нэвтрүүлээд байна. Нисэх, Яармагт шинэ чиглэл, богино эргэлтийг нэмсэн. Мөн ачаалалтай чиглэлд автобусны тоог нэмж байгаа. Түүнчлэн алсын чиглэлийн буух цагийг хойшлуулсан гэв.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0