Мэдээ уншиж байна...

Админ 2023/09/27 (0) (10)

Монгол Улсад архи, согтууруулах ундааны хэрэглээ буурчээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй хүн амын эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдал, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах зорилгоор 2022 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр 43 дугаар зарлиг гаргасан.

Зарлигийн хэрэгжилт, үр дүн, цаашид авах арга хэмжээний талаар Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх, Анагаах ухааны доктор Т.Мөнхсайхан, Цагдаагийн Ерөнхий газрын Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дэд дарга, цагдаагийн хурандаа О.Оюутболд, “Эрүүл монгол хүн” төсөл, хөтөлбөр хариуцсан албаны дарга О.Чимэдсүрэн нар мэдээлэл өгөв.

Эхний ээлжинд Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай, Онцгой албан татварын тухай, Засгийн газрын сангийн тухай зэрэг дагалдах 10 гаруй хуульд өөрчлөлт оруулсан.

2022 оны эхний хагаст 16,8 сая литр архи, согтууруулах ундаа борлуулсан бол энэ оны мөн үед 14.6 сая литр болж, 2.2 сая литрээр буурсан байна. Мөн импортоор авсан архи, согтууруулах ундааны хэмжээ 150 мянган литрээр багасчээ.

2023 оны эхний найман сард 25392 гэмт хэрэг бүртгэгдсэний 3289 буюу 13.0 хувь нь согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг эзэлж, 46.5 хувь нь нийслэлд, 2089 буюу 53.5 хувь нь орон нутагт бүртгэгджээ.

АРХИ, СОГТУУРУУЛАХ УНДААНЫ ХЭРЭГЛЭЭ БАГАССАНААР ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕТЭЙ ХАРЬЦУУЛАХАД:

Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 15.8 хувиар,
Шалгагдсан зөрчил 13.6 хувиар,
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон торгуулж, эрхээ хасуулсан зөрчил 26.0 хувиар,
Согтуугаар үйлдэгдсэн зам тээврийн осол 41.3 хувиар,
Эрүүлжүүлэгдсэн хүний тоо 76.0 хувиар буурсан байна.
Онцгой албан татварын тухай хуульд заасны дагуу архи, согтууруулах ундааны литр тутмаас 300 төгрөгийн орлогыг Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих санд тухай бүр төвлөрүүлэхээр тусгасан. Эхний зургаан сарын байдлаар тус санд 4.3 орчим тэрбум хуримтлагдаад байна.

Холбогдох байгууллагууд хамтран “Намайг алгас” зэрэг нөлөөллийн аян болон урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх бусад арга хэмжээг жилийн турш тасралтгүй явуулж байгаа нь үр дүнгээ өгчээ.

Ирэх сард архи, согтууруулах ундаанаас татгалзах чиглэлээр 21 аймаг, нийслэлд “Эерэг хандлага-Эрүүл оюутан” фестиваль зохион байгуулна. Мөн донтох эмгэгтэй, эрсдэлтэй болон хэтрүүлэн хэрэглэгч 900 гаруй иргэнийг эмчилгээнд хамруулах юм.

Түүнчлэн архи, согтууруулах ундаа борлуулдаг, үйлчилгээ үзүүлдэг газруудад хуулийн хэрэгжилтийг сурталчлах, иргэдэд ээлтэй үйлчилгээ үзүүлэх хандлагыг төлөвшүүлэх, эрүүл мэндийн боловсролыг багаас нь системтэй, оновчтой олгохын тулд сургуулийн эрүүл мэндийн багийг чадавхжуулахаар төлөвлөжээ.

Дэлхийд архи, согтууруулах ундааны хэрэглээнээс шалтгаалсан цаг бусын нас баралт 100000 хүнд дунджаар 35 байдаг. Харин Монгол Улсад 123 буюу 3.5 дахин их, шууд ба шууд бус нөлөөллийн улмаас жилдээ 4000-4500 орчим хүн нас барж байна.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0