Мэдээ уншиж байна...

Админ 2023/09/28 (0) (11)

"Генийн едитинг технологиор ямааны ноолууран ашиг шимийг чанаржуулах" туршилтын төсөл үр дүнд хүрч байна

ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэг Япон улсын олон улсын хамтын ажиллагааны агентлаг болон Японы шинжлэх ухаан, технологийн агентлагийн төслийн багийн төлөөлөгчидтэй уулзлаа.

Уулзалтаар Монголын Хөдөө аж ахуйн их сургууль, Шинжлэх ухаан технологийн их сургууль, ХХААХҮЯ-ны харьяа Малын удмын сангийн үндэсний төвтэй хамтран "Генийн едитинг технологиор ямааны ноолууран ашиг шимийг чанаржуулах" туршилтын төслийг 2021 оноос эхлэн 2023 оны гуравдугаар сар хүртэл хугацаанд хэрэгжүүлж, тодорхой үр дүнд хүрснийг онцоллоо.

Тус төсөл нь Монгол ямааны биологийн нөөцийг ашиглан дэлхийн стандарт, үйлдвэрлэлийн шаардлагад нийцсэн чанартай ноолуур бүхий ямааны цөм сүргийг олноор бий болгох асуудлыг шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн түвшинд судлан шийдвэрлэж Монгол улсын мал аж ахуйн салбарын тогтвортой хөгжлийг хангахад чухал ач холбогдолтой юм.

Иймээс уг төслийн хоёр дахь шатыг Техник туслалцааны төслөөр Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг, Японы шинжлэх ухаан, технологийн агентлагт тавьж судлан шийдвэрлүүлэхээр холбогдох саналыг уламжлаад байна.

Эдийн засгийн үр ашигтай энэхүү төсөл нь ямааны нарийн ширхэгт ноолуур гаргаж авах ач холбогдолтой юм. Энэхүү төслийг хязгаарлагдмал нөхцөлд туршилт хийх талаар Монгол болон Япон Улсын Засгийн газраар дэмжүүлэхээр ажиллаж байна.

Төслийн судалгааг хэрэгжүүлэхэд "Малын генетик нөөцийн үндэсний зөвлөлдөх хороо" болон "Био-аюулгүйн зөвлөл"-өөр хэлэлцэж дэмжсэн юм.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0