Сэтгэгдэл 0
НҮБ-ын Хабитат байгууллагаас Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран 15, 16, 18, 20 дугаар хороодод хэрэгжүүлэх “Гэр хорооллын иргэдийн үерийг тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх” төслийн хүрээнд 2023 оны аравдугаар сарын 03-ны өдөр Ажлын хэсэг хуралдлаа.
Тус ажлын хэсэг нь Засаг даргын Захирамжаар нутаг дэвсгэрийн хэмжээнд төслийг хэрэгжүүлэх түүнтэй холбоотой газар чөлөөлөлтийн ажлыг зохион байгуулах чиг үүрэгтэйгээр байгуулагдсан юм. Энэ удаагийн хурлаар төсөл хэрэгжих хороодод үерийн хамгаалалт барих байршлуудын судалгааг танилцуулж, тулгамдаж буй асуудал, газар чөлөөлөх шаардлагатай байршлуудын талаар хэлэлцлээ.
Дөрвөн жил хэрэгжих уг төсөл нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө, үер усны эрчим, аюулт үзэгдлийн тоо, давтамж ихэсч байгаа өнөө үед Улаанбаатар хотын хамгийн үерт эмзэг хэсэг болох гэр хорооллын бүсийн үерийн хамгаалалтыг сайжруулах, оршин суугч иргэдийн гамшгийн бэлэн байдал, даван туулах чадавхийг бэхжүүлэхэд чухал үүрэгтэй гэж Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.