Мэдээ уншиж байна...

Админ 2023/10/04 (0) (25)

“Монгол ур чадвар-2023” тэмцээний ялагчид “Дэлхийн ур чадвар”-ын тэмцээнд оролцоно

“Монгол ур чадвар-2023” тэмцээн мужаан, өрөг угсралт, сантехник, тогооч, цахилгаан, гагнуур, CNC токарь, график дизайн гэсэн найман мэргэжлээр зохион байгуулагдаж байна. Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын салбарын нэр хүндийг дээшлүүлэх, суралцагчдын ур чадварыг ахиулах, мэргэшүүлэх, тэдний түвшинг олон улсын жишигт хүргэх уг тэмцээн  гурван үе шаттай үргэлжлэх юм.

2 дугаар шатны тэмцээн 10 дугаар сарын 1-нээс 3-ний өдрүүдэд Техник Технологийн Политехник Коллеж, ШУТИС-МехТС, Герман-Монголын Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв дээр явагдаж байна. Эхний шатанд оролцсон 138 суралцагчаас 41 нь шалгарч энэ шатанд өрсөлдөж байгаа.

Харин сүүлийн шатны шалгаруулалт 12 дугаар сарын 13-14-ны өдрүүдэд болж тэмцээний үндэсний ялагчид 2024 онд Бүгд Найрамдах Франц Улсын Леон хотод зохион байгуулагдах “Дэлхийн ур чадвар”-ын 47 дахь тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох юм.

“Монгол ур чадвар” тэмцээнийг 2013 оноос хойш зохион байгуулж мэргэжил бүрийн тэмцээнээс шалгарсан шилдгийн шилдэг суралцагчийн тусгай мэргэжлийн бэлтгэлийг нэг жилийн хугацаанд мэргэжлийн холбоодтой хамтран зохион байгуулж дэлхийн ур чадварын тэмцээнд оролцуулдаг. 

Тэмцээнийг Боловсрол, шинжлэх ухааны яам, “Мэргэжлийн боловсрол, сургалт түншлэл” ТББ, “GIZ-Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт” төсөл, Монголын материал судлал гагнуурын нийгэмлэг, Монголын Барилгачдын нэгдсэн холбоо, Монголын ой модны үйлдвэрүүдийн түншлэл ассоциаци, Металл боловсруулалт, инженерчлэлийн холбоо, Хоол үйлдвэрлэлийн мэргэжлийн зөвлөл, “Оюу Толгой” ХХК, Монголын Хэвлэлийн Үйлдвэрүүд Хэвлэн-Нийтлэгчдийн Холбоо, Барилгын политехник коллеж, Налайх политехник коллеж, Техник технологийн политехник коллеж, Хүнс технологийн политехник коллеж, Монгол-Солонгосын политехник коллеж, Герман-Монголын мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, ШУТИС Механик тээврийн сургууль хамтран зохион байгуулж байна.

Сонирхуулахад, манай улс 2014 онд Дэлхийн ур чадварын байгууллагын 69 дэх гишүүнээр элссэн.  Дэлхийн ур чадварын олон улсын байгууллага нь тивийн болон тухайн гишүүн орны ур чадварын байгууллагатай бөгөөд Монгол Улс 2022 онд Азийн бүсийн дэлхийн ур чадварын байгууллагын гишүүн болж хамтын ажиллагаа өргөжүүлж байна. 

Манай улс 2015 онд анх удаа Бразил улсын Сан Паоло хотод зохион байгуулагдсан дэлхийн ур чадварын олон улсын тэмцээнд оролцсон. Түүнээс хойш 2017 онд АНЭУ-ын Абу Даби, 2019 онд ОХУ-ын Казаньд зохион байгуулагдсан тэмцээнүүдэд амжилттай оролцож байв.

“Дэлхийн ур чадвар-2022” тэмцээн 15 улсад 61 мэргэжлээр зохион байгуулагдахад манай улс токарь, гагнуур, өрөг угсралт, сантехник, тогооч, мужаан, цахилгаан гэсэн 7 мэргэжлээр ХБНГУ, Австри, АНУ, Швейцар улсад амжилттай оролцож ирсэн.

Дэлхийн ур чадварын тэмцээнд Монгол Улс 4 удаа оролцохдоо сүүлийн гурван удаагийн тэмцээнээс гагнуур, барилгын өрөг угсралт мэргэжлээр дэлхийн стандарт хангасан сайн гүйцэтгэлтэй буюу “Medallion for excellence” шагнал хүртжээ гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0