Азийн хөгжлийн банк бүс нутагт нүүрлээд буй олон хямралыг шийдвэрлэх зорилгоор ирэх арван жилд 100 тэрбум ам.долларын санхүүжилтийг бий болгох хөрөнгийн удирдлагын шинэчлэлээ баталлаа. Ийнхүү санхүүгийн эх үүсвэрийг хувийн хэвшлийн санхүүжилт болон дотоодын эх үүсвэрээр нэмэгдүүлснээр уур амьсгалын хямралыг давахад тэрбумаар бус их наядаар шаардагдаж буй санхүүжилтийн хэрэгцээг хангах боломж бүрдэх юм.
Азийн хөгжлийн банк нь Өөрийн хөрөнгийн хүрэлцээний бодлого (ӨХХБ)-доо нэмэлт өөрчлөлт оруулах замаар энэхүү шинэчлэлийг нэвтрүүлж байна.
Тус банкнаас жилд батлах шинэ санхүүжилтийг 36 тэрбум ам.доллараас багагүй хэмжээнд байхаар нэмэгдүүлсэн нь өмнөхөөс 10 тэрбум орчим ам.доллараар буюу 40 хувиар өсөж буй үзүүлэлт юм.
Азийн хөгжлийн банкнаас эрсдэлийн бодлого, хязгаар, хэм хэмжээг зохих түвшинд байлгахын зэрэгцээ өөрийн хөрөнгийн зохистой харьцааг оновчилсон нь санхүүжилт нэмэгдэх боломжийг бүрдүүлсэн байна. Энэхүү шинэчлэлийн хүрээнд урьдчилан таамаглах боломжгүй гэнэтийн хямралтай тулгарч буй АХБ-ны хөгжиж буй гишүүн орон (ХБГО)-уудыг дэмжихэд зориулсан Мөчлөг сөрсөн зээлийн нөөц эх үүсвэр бий болж байна.
Азийн хөгжлийн банк өөрийн эх үүсвэрээс ХБГО-ууд болон хувийн хэвшлийн харилцагч нартаа ирэх арван жилд 360 сая тэрбум ам.долларын санхүүжилт олгох боломжийг бий болгосон эдгээр арга хэмжээ нь тус банк өөрийн ААА зээлжих зэрэглэлээ ашиглан урт хугацаатай, бага зардалтай санхүүжилтээр өөрийн гишүүн орнуудыг дэмжих чадварыг хадгалахад чиглэсэн юм. Санхүүгийн хямралын үед өөрийн хөрөнгө буурахаас урьдчилан сэргийлэх сэргэлтийн төлөвлөгөөг тус шинэчлэлд тусгасан тул энэ нь АХБ-ны AAА зээлжих зэрэглэл цаашид тогтвортой хадгалагдахад дэмжлэг болно гэж үзэж байна. Азийн хөгжлийн банк нь ӨХХБ-ыг 3 жил тутамд эргэн хянадаг байна.
“Эдгээр чухал шинэчлэлүүдийг хийснээр АХБ Ази, Номхон далайн бүсийн хэмжээнд өргөн хүрээний хөгжлийн хүчин чармайлтыг дэмжих боломжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ эрсдэлд өртөмтгий эмзэг орнуудад зориулсан хөнгөлөлттэй санхүүжилтээ эрс нэмэгдүүлж чадна” гэж Азийн хөгжлийн банкны Ерөнхийлөгч Масацугу Асакава онцлов.
Ази, Номхон далайн бүс нутгийн ядуу, эмзэг бүлгийн иргэд өргөжин тэлж буй, харилцан уялдаатай хямралд нэн өртөмтгий байгаа тул тэдгээрийн эрүүл мэнд, боловсрол болон амьжиргаанд эрсдэл учирсан хэвээр байна.
2022 оны байдлаар тус бүс нутгийн нийт хүн амын 3.9 хувь буюу 155 сая хүн нэн ядуу амьдарч байгаа бөгөөд олон иргэд, ялангуяа эмэгтэйчүүд амьжиргааны зардлын хямралд өртөж, хоол хүнс болон бусад суурь бараа, үйлчилгээг худалдан авах боломжгүй болсон байна.
Эх сурвалж: Азийн хөгжлийн банк
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.