Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Намын хорооны нарийн бичгийн дарга Сүнь Шаочөн 2023 оны 10 дугаар сарын 1-5-ны өдрүүдэд Монгол Улсад айлчилж байна.
Айлчлалын хүрээнд Сүнь Шаочөн тэргүүтэй төлөөлөгчид 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Улсын хоёрдугаар төв эмнэлэгтэй танилцаж, Улаан загалмай байгууллага хоорондын хүмүүнлэгийн тусламжийн төсөлд хамрагдан нүдний болор солих мэс засал, зүрхний төрөлхийн гажиг засах мэс засалд орсон өвчтөний төлөөлөлтэй уулзаж, санал солилцов.
Мөн үеэр “Бүс ба Зам-Гэрэлт аялал” төслийн хүрээнд монголын нүдний эмч нарыг үнэ төлбөргүй мэргэшүүлэх сургалтад хамруулах, Монголын улаан загалмай нийгэмлэгт хандив өгөх ёслолын ажиллагаа зохион байгуулагдаж, нээлтийн үйл ажиллагаанд Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Улаан загалмай байгууллагын байнгын дарга Ян Фэн И, Улсын хоёрдугаар төв эмнэлгийн удирдлагууд оролцов.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.