“Нээлттэй Хөвсгөл-2023” өдөрлөг Улаанбаатар хотноо хоёр өдөр үргэлжлэн зохион байгуулагдлаа. Энэхүү арга хэмжээг Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар, Хөвсгөл аймгийн Нутгийн зөвлөл хамтран зохион байгуулж байгаа билээ.
П.Лхагважав: Олон улсын нисэх онгоцны буудалтай болох нь Хөвсгөлчүүд бидэнд том боломж
Өдөрлөгийн хүрээнд “Хөвсгөлийн ирээдүй” уулзалт хэлэлцүүлэг “Улаанбаатар” зочид буудлын их танхимд болж байна. Хөвсгөл аймгийн Засаг дарга П.Лхагважав Хөвсгөл аймгийн хөгжлийн өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн боломж сэдвээр тавьсан илтгэлдээ “Хөвсгөл аймгийн хөгжлийн гол гарц нь хөдөө аж ахуй, мал аж ахуй дээр суурилсан эко аялал жуулчлал. Аялал жуулчлалын салбарын хүрээнд өнөөгийн эдийн засгийн өсөлтийг тэлэх, хөрөнгө оруулалт татах, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлэх боловсруулах үйлдвэрлэл олноор байгуулах боломжтой. Тухайлбал, аялал жуулчлалын салбарын хүрээнд дэд бүтцийг сайжруулах тухайд Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Мөрөнгийн нисэх онгоцны буудлыг олон улсын нисэх онгоцны буудал болгох шийдвэр гаргасан. Засгийн газраас Хөвсгөл-Архангай аймгийг холбосон хатуу хучилтай авто зам тавихаар болсон нь бидэнд том боломж” гэдгийг онцоллоо.
Хөвсгөл аймаг 2023 оныг “Хөвсгөлд зочлох жил” болгон зарлаж 12 эвэнт ажлыг зохион байгуулсан байна. Аялал жуулчлалыг цаашид жилийн туршид тогтвортой хөгжүүлэх боломж байгааг онцолж байна. Хөвсгөл аймагт 2023 нийт 74 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдээд явж байна. Авто зам, тээвэр логистекийн хүрээнд хийгдэх ажлууд үе шаттай хийгдснээр аймаг эдийн засгийн өсөлтийг тэлэхэд том түлхэц болжээ.
Ц.Цэцэнзориг: Хөвсгөлийн иргэдийн оролцоог нэмэгдүүлж, хамтын ажиллагаагаа хөгжүүлнэ
“Нээлттэй Хөвсгөл 2023” арга хэмжээг санаачлан зохион байгуулагч, Хөвсгөл аймгийн нутгийн зөвлөлийн дарга Ц.Цэцэнзоригоос тус аймгийн Нутгийн зөвлөлийн гүйцэтгэх үүрэг, ойрын хугацаанд Хөвсгөл аймгийн эдийн засаг, хөгжлийг хэрхэн төсөөлж байгаа талаар байр суурийг нь сонслоо. Тэрбээр “Нутгийн зөвлөлгэдэг нь иргэдийн нэгдэл гэж болно. Яагаад бид хөгжил ярьж байна. Иргэдийнх нь оролцоо идэвхтэй байдаг улс орон хөгжиж байна. Тиймээс манай аймгийн нутгийн зөвлөл Хөвсгөл аймгийнхаа хөгжлийн төлөө хөвсгөлийн иргэдийн оролцоог нэмэгдүүлж, хамтын ажиллагааг бэхжүүлж, сэргээхийн төлөө оролцож байна. Энэхүү арга хэмжээ амжилттай зохион байгуулагдаж байгаад баяртай байна. Хөдөөг хөгжүүлэхэд хөрөнгө оруулалт татах хэрэгтэй. Иргэдийн оролцоог нэмэгдүүлж, нэгдэж, нийлснээр Хөвсгөл нутгийнхаа хөгжилд нэмэр оруулна. Хөвсгөлчүүд нийлж, хөгжлөө загварчилсанаар бидний хүсэж байгаа хөгжил өртөөчлөн ирнэ гэж харж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөвсгөл аймагт ажиллахдаа “Хатгал-Ханхыг холбосон засмал зам тавина” гэдгээ илэрхийлсэн. Одоо хөвсгөлчүүд бид өөрсдөө хичээн ажиллах ёстой. Хөгжлийг бид хүлээн биш иргэний нийгэм, нутгийн зөвлөлөөрөө дамжиж идэвхтэй оролцох хэрэгтэй. Энэ зам бол хөгжлийн зам болсон. Бид хөгжлийн гарцын талаар ярих биш хөгжлийг бүтээж, харуулах ёстой” хэмээв.
Ийнхүү “Хөвсгөлийн ирээдүй” уулзалт хэлэлцүүлгээр аялал жуулчлал, сэргээгэгдэх эрчим хүч, хөдөө аж ахуй салбар эко, органик бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чиглэлээр өрнөж, оролцогчид байр сууриа илэрхийлж байна.
Н.Энх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.