Мэдээ уншиж байна...

Админ 2023/10/16 (0) (10)

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Чингис хаан-Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнгийн нээлтэд оролцлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макроны ивээл дор зохион байгуулж буй “Чингис хаан – Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнгийн нээлтийн ёслол 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Нант хотын түүхийн музейд боллоо.

Арга хэмжээг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх үг хэллээ.

Тэрбээр монголчуудын бахархал болсон баатарлаг өвөг дээдсийн түүх, хүн төрөлхтөнд үлдээсэн агуу их өв соёлыг БНФУ-ын Нант хотын Бретанийн гүнгийн шилтгээн – Нантын түүхийн музейд дэлгэн толилуулж, дэлхий нийтийн хүртээл болгож байгаад баяртай байгаагаа илэрхийлэв.

Энэхүү үзэсгэлэн нь монгол хаадын албан бичиг, захидлыг дэлгэн үзүүлж, Монголын түүх, соёлын сор болсон үзмэрийг олон түмний хүртээл болгож, монголчуудын нүүдлийн соёл иргэншлийн өв соёлыг олон улсад таниулах таатай боломжийг олгож байгааг онцлов.

Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Лувсандоржийн Болорцэцэг, Бүгд Найрамдах Франц Улсын Хөдөө аж ахуй, хүнсний бүрэн эрхт байдлын сайд Марк Фену, Луар мужийн захирагч Фабрис Ригуле-Роз, Нант Метрополын Ерөнхийлөгч, Нант хотын Засаг дарга Жоанна Ролланд, Нант хотын түүхийн музейн захирал Бертран Гиеэ нар болон бусад албаны хүмүүс оролцов.

“Чингис хаан – Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн нь 555 үзмэрээс бүрдсэн бөгөөд үзмэрүүдийг “Чингис хаан” үндэсний музей, Монголын үндэсний музей, Хархорум музей, ШУА-ийн Археологийн хүрээлэн, хувь цуглуулагчаас, мөн Францын Лувр (Louvre), Сэвр (Sevres), Азийн урлагийн Гимэй (Guimet), Франц Улсын Ерөнхийлөгч асан Жак Ширакийн нэрэмжит Брэнли (Quai Branly) музей болон Европын Берлин, Цюрих, Брюселийн музей зэрэг дэлхийн алдартай 20 гаруй музейгээс татан дэлгэн үзүүлсэн байна.

Үзэсгэлэн нь Монголын Эзэнт гүрэн байгуулагдсан түүхийг харуулахын зэрэгцээ Чингис хаан, түүний залгамжлагчид тив дамнасан эзэнт гүрнийг хэрхэн байгуулсныг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилготой.

Үзэсгэлэн 2024 оны 5 дугаар сарын 5-ны өдрийг дуустал зургаан сарын хугацаанд үргэлжилнэ.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0