Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг өнөөдөр Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд орчин үеийн дэвшилтэт технологи нэвтрүүлэхтэй холбоотой хэд хэдэн зорилтыг тусгасан. Тодруулбал, уг бодлогын 2.2.13-т “Оношилгоо, эмчилгээний орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлж, иргэд эх орондоо бүрэн оношлогдон эмчлэгдэх боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ гадаадын иргэд манай оронд ирж эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор эмнэлэг олон улсын магадлан итгэмжлэл авах үйл ажиллагааг төрөөс дэмжинэ.” гэж, 2.2.28-д “Эрүүл мэндийн технологийн чиглэлээр хөрөнгө оруулалт хийх, дэвшилтэт технологи нэвтрүүлэх үйл ажиллагааг төрөөс дэмжинэ” гэж тус тус заасан байдаг.
Засгийн газрын 2020 оны 37 дугаар тогтоолоор Эрүүл мэндийг дэмжих санд олгох хөрөнгийн эх үүсвэрийг улсын төсөвт жил бүр тусгаж байхыг Сангийн сайдад, Сангийн хөрөнгийн зарцуулалт, үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг Эрүүл мэндийн сайдад даалгасан. Үүний дагуу Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт заасан эх үүсвэрийн хүрээнд Эрүүл мэндийг дэмжих санд жилд дунджаар 3 тэрбум төгрөгийг Сангийн яамнаас Эрүүл мэндийн сайдын төсвийн багцад баталж байна. Архи, согтууруулах ундаа, тамхины онцгой албан татвар, эмийн импортын гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын орлогоос Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд заасан хувиар тооцож үзэхэд 2024 онд 10 тэрбум төгрөгийг Эрүүл мэндийг дэмжих санд төвлөрүүлэх боломжтой аж. 2023 онд 2.7 тэрбум төгрөгийг Сангийн яамнаас Эрүүл мэндийн сайдын төсвийн багцад хуваарилжээ.
Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль, эрх зүйн хүрээнд Эрүүл мэндийг дэмжих санд татан төвлөрүүлэх орлогыг бүрэн татан төвлөрүүлж, Эрүүл мэндийн сайдын төсвийн багцад хуваарилж олговол өмнө нь дэмжих сангийн санхүүжилтээр хэрэгжиж байсан нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээнээс гадна шинээр батлагдсан төсөл, арга хэмжээний төлөвлөгөө (“Элэг бүтэн Монгол”, “Эрүүл, идэвхтэй амьдрал”, “Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд” гм)-г хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилтийг нэмэгдүүлнэ.
Мөн орлогыг бүрэн төвлөрүүлснээр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд орчин үеийн дэвшилтэт технологи шинээр нэвтрүүлэх, Монгол Улсад оношлох, эмчлэх боломжгүй өвчнийг оношлох, эмчлэх технологи нутагшуулах үйл ажиллагааг санхүүжүүлэх болон Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн байвал зохих хугацааг хангаагүй эсхүл шимтгэл төлж байгаагүй амьгүй донорын эрхийг хүндэтгэж, оршуулгын тэтгэмж олгох боломж бүрдэх юм. Иймд Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан гэж салбарын сайд танилцууллаа.
Хуулийн төсөл батлагдсанаар Эрүүл мэндийг дэмжих сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх нийгмийн эрүүл мэндийн цогц арга хэмжээг хэрэгжүүлэх болон эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд орчин үеийн дэвшилтэт технологи нэвтрүүлэх, Монгол Улсад эмчлэх боломжгүй өвчний технологи нутагшуулахад хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, тухайлбал, гадаадын өндөр хөгжилтэй орноос төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нарыг авчирч, сургалт хийлгэх, өөрийн орны эмч нарыг гадаад улс оронд багаар нь сурган чадавхжуулахад шаардлагатай санхүүжилт шийдэгдэх боломжтой болох юм. Мөн Монгол Улсад эмчлэх боломжгүй өвчний жагсаалтад орсон өвчний тоо, иргэдийн зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлэхэд хувиасаа төлөх төлбөрийн хэмжээ буурч, иргэд эрүүл мэндийн асуудлаас үүдэлтэй санхүүгийн дарамтад өртөхгүй байх зэрэг олон эерэг үр дүн гарна гэж төсөл санаачлагч үзжээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.