Гаалийн байгууллага холбогдох хууль тогтоомжоор хүлээлгэсэн үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүргийг хэрэгжүүлэх, улсын хилээр хууль бусаар эд зүйл нэвтрүүлэх явдалтай тэмцэх, хориглосон болон хязгаарласан барааны хууль бус эргэлтэд хяналт тавих, худалдааны луйвар, татвараас зайлсхийх хэрэг, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох чиг үүргийг хэрэгжүүлэн ажилдаг.
Эдгээр чиг үүргийг хэрэгжүүлэх ажлыг оновчтой, үр дүнтэй зохион байгуулах, эрчимжүүлэх ажлыг Монгол Улсын гадаад худалдааны өнөөгийн нөхцөл байдал, онцлог, бараа эргэлт, олон улсын чиг хандлагад тулгуурлан тасралтгүйгээр холбогдох хууль сахиулах байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж ажиллаж байна.
Гаалийн байгууллага нь Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон болон хязгаарласан барааны хууль бус эргэлттэй тэмцэх, худалдааны луйвар, татвараас зайлсхийх хэрэг, зөрчилтэй тэмцэх ажлын хүрээнд 2023 оны эхний 10 сарын байдлаар нийт 1578 зөрчлийг илрүүлэн дээрх зөрчилд холбогдох зохих татварыг нөхөн төлүүлж торгуулийн арга хэмжээ авч ажиллаж байна. Үүнээс 32 үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл байсаныг холбогдох хууль, хяналтын байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн.
Дээрх Монгол Улсын хилээр хууль бусаар эд зүйл нэвтрүүлэхийг завдсан хэрэг, зөрчлөөс дурдахад
-17 удаагийн үйлдлээр 5 нэр төрлийн 2630 хүн тун мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг нэвтрүүлэхийг завдсан,
-2 үйлдлээр нийт 4,591 грамм алтан гулдмай,
- 6 үйлдлээр түүх соёлын өв, дурсгалт зүйл,
-1 үйлдлээр 375 килограмм химийн бодисыг улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг тус тус гаалийн гаалийн хяналт шалгалтын явцад болон холбогдох хууль сахиулах байгууллагуудтай хамтран илрүүлэн хураан авч зохих хууль хяналтын байгууллагад шилжүүлэн ажиллаж байна.
ОХУ-тай хил залгаа 10 боомт, БНХАУ-тай хил залгаа 13 боомт, агаарын 1 боомт нийт 24 боомт болон 160 орчим гаалийн хяналтын бүсэд 1700 орчим хяналтын камер бүхий телехяналтын нэгдсэн системээр гаалийн болон бусад зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр ажиллаж байна.
Гаалийн хяналт бүрдүүлэлтийн үйл явцад теле хяналтын нэгдсэн систем, Гаалийн автоматжуулсан систем дэх онилгооны программыг ашиглан гадаад худалдаа эрхлэгч, гаалийн харилцаанд оролцогч нарын хууль сахилтын түвшинг дээшлүүлэх, хориглосон хязгаарласан барааны хууль бус эргэлт, гаалийн болон бусад татвар төлөхөөс зайлсхийх зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох зорилгоор цогц онилгоо, дахин шалгалтыг хэрэгжүүлэн ажиллаж байна Өөрөөр хэлбэл гаалийн байгууллагаас гаалийн хяналт бүрдүүлэлтийн явцад болон гаалийн хяналт шалгалт дууссаны дараа холбогдох хууль тогтоомжийн хүрээнд тодорхой мэдээлэл, судалгаа, дүн шинжилгээнд тулгуурлан улсын хилээр хууль бусаар хориглосон болон хязгаарласан барааг нэвтрүүлэхийг завдсан, нэвтрүүлсэн татвараас зайлсхийсэн байж болзошгүй сэжигтэй гаалийн бүрдүүлэлт, бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн дахин шалгалтыг хийж ажилдаг.
Мөн Гаалийн зөрчилтэй тэмцэх, аюулгүй байдлын газар болон Хяналтын нэгдсэн төвөөс сүүлийн 1 сарын хугацаанд харьяа гаалийн хороодод мэргэжлийн арга зүйн дэмжлэг үзүүлэх, гаалийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “ТӨВ” ажиллагааг хэрэгжүүлж ажиллаж байна. Энэхүү ажиллагааны хүрээнд импортын гаалийн бүрдүүлэлтийн 0,42 хувьд онилгоо хийж дахин болон хамтарсан хяналт шалгалт хийж ажиллахад нийт онилгооны 70,3 хувьд нь зөрчил дутагдал илэрлээ.
Дээрх нөхцөл байдлаас үндэслэн гаалийн байгууллагаас цаашид хууль бус барааны эргэлттэй тэмцэх, худалдааны луйвар, татвараас зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох ажлыг сайжруулах зорилгоор сэжигтэй гаалийн бүрдүүлэлт, бараа, тээврийн хэрэгсэлд хийх онилгоо, дахин шалгалтыг нэмэгдүүлэн ажиллах болно.
Эх сурвалж: ГЕГ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.