Мэдээ уншиж байна...

Админ 2023/11/03 (0) (10)

Монгол-Вьетнамын бизнес форум Ханой хотноо боллоо

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч Во Ван Тыөнгийн урилгаар тус улсад төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол – Вьетнамын бизнес форумд 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр оролцлоо.

Форумыг нээж хэлсэн үгэндээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол, Вьетнамын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хүнс, хөдөө аж ахуй, уул уурхай, зам тээвэр, эрчим хүч, байгаль орчин, аялал жуулчлал зэрэг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх нөөц боломж байгааг онцлон тэмдэглэв.

Тэрбээр түүхэн найрсаг харилцаатай манай хоёр орны ард түмний хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулж, ялангуяа эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ.

Манай орны мал аж ахуйн түүхий эдийн нөөц болох хонь, ямаа, үхэр, адууны арьс, ширийг Вьетнамын дэвшилтэт техник технологитой хослуулан боловсруулах, мөн малын мах, махан бүтээгдэхүүн бэлтгэн экспортлох хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжихэд бэлэн байгаагаа илэрхийлэв.

Далайд гарцгүй Монгол Улс нь төмөр зам, авто зам болон агаарын тээврийн салбарын хамтын ажиллагааг гуравдагч хөрш орнуудтай өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдол өгдөг бөгөөд Вьетнамын аж ахуйн нэгжүүдтэй хамтран карго, тээвэр ложистикийн шинэ шийдлүүдийг хайх сонирхолтой байгааг цохон тэмдэглэлээ.

Монгол Улс хөрөнгө оруулалтын бодлогоо улам сайжруулж, тогтвортой, тууштай байж, “Итгэлтэй, найдвартай, удаан хугацааны түнш”  байх зарчмыг баримтлан, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах чиглэлээр эрх зүйн болон институтийн шинэчлэлүүдийг хэрэгжүүлж байгааг дурдав.

Тухайлбал, Монгол Улсын Засгийн газрын бүтцэд Эдийн засаг, хөгжлийн яамыг шинээр байгуулж, гадаадын хөрөнгө оруулалт, худалдааны агентлагийн үйл ажиллагааг эхлүүлээд байгааг онцоллоо.

Түүнчлэн БНСВУ-ын Шадар сайд Чунг Луу Куанг тус форумыг нээж хэлсэн үгэндээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэхүү айлчлал, Бизнес форумын өргөн оролцоо нь хоёр талын улс төрийн харилцааг эдийн засгийн хамтын ажиллагаа болгон өргөжүүлж, харилцааны цоо шинэ хуудас нээж байгааг онцлон тэмдэглэсэн юм.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0