Олон улсын эрүүл мэндийн дүрмийн Монгол Улсын үндсэн чадавхид хөндлөнгийн хамтарсан үнэлгээ хийх үйл ажиллагааны нээлт боллоо.
Нээлтийн ажиллагаанд Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сокорро Эскаланте, Монгол Улсад хөндлөнгийн үнэлгээ хийх олон улсын багийнхан, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын төв болон Номхон далайн баруун бүсээс ирсэн мэргэжилтнүүд, ХХААХҮЯ, БОАЖЯ, УОК, ОБЕГ, Мал эмнэлгийн ерөнхий газар, ХӨСҮТ, ЗӨСҮТ зэрэг 20 гаруй байгууллагын төлөөлөл оролцлоо.
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг уг үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ манай улс Олон улсын эрүүл мэндийн дүрмийг хэрэгжүүлэх үндсэн чадавхын хөндлөнгийн хамтарсан үнэлгээг 2017 оны тавдугаар сард анх удаа зохион байгуулж, холбогдох зөвлөмжийн дагуу бодлогын баримт бичгийг боловсронгуй болгоход анхаарч хэрэгжилтийг ханган ажилласныг онцлоод “Манай улс 2017 оны үнэлгээний үр дүнд нийт 65 зөвлөмж гарснаас 6 нь хууль эрх зүй, бодлогын баримт бичигт тусгах буюу Засгийн газрын түвшинд хэрэгжүүлэх зөвлөмж, 59 нь Олон улсын эрүүл мэндийн дүрмийг хэрэгжүүлэх үндсэн чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн зөвлөмж байлаа. 2023 оны байдлаар эдгээр зөвлөмжийн 57 хувь нь хэрэгжсэн, 32.3 хувь нь хэрэгжиж байна.
ДЭМБ-аас Олон улсын эрүүл мэндийн дүрмийн Хөндлөнгийн хамтарсан үнэлгээг 4-5 жил тутамд зохион байгуулахыг зөвлөмж болгодог. Монгол Улсын хувьд уг дүрмийг хэрэгжүүлэх үндсэн чадавхын хөндлөнгийн хамтарсан хоёр дахь үнэлгээг хийх хүсэлтийг ДЭМБ-д энэ оны дөрөвдүгээр сард илгээж, наймдугаар сард ажлын хэсэг байгуулан, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг гарган есдүгээр сард өөрийн үнэлгээг хийж, хөндлөнгийн хамтарсан үнэлгээний бэлтгэл ажлыг ханган ажиллалаа.
Өнөөдрөөс эхлэн арваннэгдүгээр сарын 24-нийг дуустал олон улсын Хөндлөнгийн хамтарсан үнэлгээний баг ажиллаж, Монгол Улсын Олон улсын эрүүл мэндийн дүрмийн үндсэн чадавхыг үнэлэх бөгөөд энэ удаагийн хөндлөнгийн хамтарсан үнэлгээ нь ДЭМБ-ын КОВИД-19 цар тахлын хариу арга хэмжээнээс авсан сургамж, олон улсын байгууллагын саналын дагуу шинэчлэн баталсан гурав дахь удаагийн аргачлалын дагуу явагдахаараа онцлог байна.
ОУЭМД-ийн үндсэн чадавхын өөрийн үнэлгээг хийснээр дэлхий нийтийг хамарсан коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахал бүртгэгдсэнээс хойшхи Монгол Улсын Засгийн газраас цар тахлаас сэргийлэх, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулж халдварын тархалтыг бууруулах, хүндрэл багатай даван туулахад чиглэсэн бүхий л арга хэмжээг олон салбарын оролцоотойгоор хэрэгжүүлж ажилласан энэхүү он жилүүд нь бидэнд сайн туршлага, ололт амжилтаа хуваалцах боломжийг олгоод зогсохгүй бэрхшээл саадыг даван туулах, хамтын шийдвэр чухал болохыг харуулсан” гэв.
Тэрбээр мөн дараа дараагийн цар тахлаас сэргийлэх, бэлэн байдлыг хангах, нөөцөө зөв хувиарлах, эрүүл мэндийн тогтолцооны тогтвортой байдлыг чухалчлахад нэн ялангуяа хил дамнан тархаж, дэлхийн өнцөг булан бүрт хүн амд аюул учруулж болох нийгмийн эрүүл мэндийн ноцтой үйл явдлаас сэргийлэх, илрүүлэх, хариу арга хэмжээ хэрэгжүүлэх үндсэн чадавхыг үнэлж байгаа нь чухал ач холбогдолтойг хэлсэн.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2005 онд баталсан Олон улсын эрүүл мэндийн дүрэм нь гишүүн улс, орнуудаас хил дамнан тархах халдварт өвчнөөс сэргийлэх, халдварын дэгдэлтийг илрүүлэх, хариу арга хэмжээний цогц чадавхийг бэхжүүлэхэд чиглэсэн хүчин төгөлдөр олон улсын гэрээ юм.
Энэ дүрмийн 54 дүгээр зүйлд зааснаар гишүүн улс, орнууд жил бүр Дэлхийн эрүүл мэндийн чуулганд Олон улсын эрүүл мэндийн дүрмийн хэрэгжилт, өөрийнхийсэн үнэлгээг тайлагнахын зэрэгцээ 2015 оноос эхлэн хөндлөнгийн хамтарсан үнэлгээг хослуулан хэрэгжүүлж эхэлсэн.
Үүний дагуу Монгол Улс 2017 онд Олон улсын эрүүл мэндийн дүрмийн хэрэгжилтийн хөндлөнгийн хамтарсан үнэлгээг анх удаа зохион байгуулж, зөвлөмжийг хэрэгжүүлэн нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын хариу арга хэмжээний бэлэн байдлаа ханган ажиллаж ирсэн.
2017 онд хийсэн үнэлгээний үр дүнд гарсан зарим томоохон ахиц дэвшлийг дурдвал Болзошгүй гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед салбар хооронд мэдээлэл солилцох, эрсдэлийн үнэлгээ хийх хамтран ажиллах анхны журмыг 2017 онд Монгол Улсын Шадар сайдын тушаалаар батлуулж, хэрэгжүүлж эхэлсэн. Энэ журам нь КОВИД-19 цар тахлын үед салбар хооронд хамтран эрсдэлийн үнэлгээг хийх гол баримт бичиг болсон ба эрсдэлийн үнэлгээний үр дүнд үндэслэн Улсын онцгой комисс, Монгол Улсын Засгийн газар КОВИД-19 халдварын цар тахлын хариу арга хэмжээг авч ажилласан.
Монгол Улс нь коронавируст халдварын улсын хилээр зөөвөрлөгдөн тархах, тэмцэх, сэргийлэх, хариу арга хэмжээ авах үйл ажиллагааг оновчтой зохион байгуулж, эрүүл мэнд, онцгой байдал бусад салбар хоорондын байгууллагуудын уялдаа холбоог хангаж, КОВИД-19 халдварын эсрэг вакциныг цаг алдалгүй нэвтрүүлж, хохирол багатайгаар даван туулсан жишиг орны нэг болсон.
Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг 2020 оны 04 дүгээр сард шинээр баталж, цар тахлын төсөв, санхүүжилт, нөөц хуваарилалттай холбоотой зохицуулалт хийх заалтууд тусгагдсан бөгөөд цар тахлын эсрэг томоохон арга хэмжээнүүдийг бүрэн санхүүжүүлж, хэрэгжүүлсэн.
КОВИД-19 халдварын бэлэн байдлыг хангах, урт хугацааны менежментийн тогтолцоог бэхжүүлэхэд анхаарч ажиллаж байна.
КОВИД-19 халдварын цар тахлын сургамж дээр үндэслэн Нийгмийн эрүүл мэндийн хариу арга хэмжээ, тусламж үйлчилгээний эрх зүйн орчин, тогтолцоог бэхжүүлэхээр Нийгмийн эрүүл мэндийн тухай хуулийг боловсруулж, УИХ-д өргөн бариад байна. Тус хуулийг баталж, хэрэгжүүлснээр цаашид нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээ, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн санхүүжилтийг шийдэх, нөөцийг бүрдүүлэх орчин бүрдэх юм.
КОВИД-19 халдварын цар тахлын үед Өвчний хяналт, сэргийлэлтийн төв байгуулах шаардлагатай нь харагдсан тул уг төвийг байгуулах тухай Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн төсөлд тусгасан зэрэг мэдээллийг хөндлөнгийн үнэлгээний хамтарсан багийнханд өгсөн.
Хөндлөнгийн үнэлгээний хамтарсан багт НҮБ, ДЭМБ-ын мэргэжилтнүүд, Япон, БНСУ, Испани, Молдав, Гана зэрэг улсаас холбогдох албаныхан багтсан бөгөөд олон улсын ажиглагчид мөн ирсэн.
Эдгээр хүмүүс долоо хоногийн хугацаанд ХӨСҮТ, НЭМҮТ, ЗӨСҮТ, Нийслэлийн ЭМГ, “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал, ОБЕГ, Мал эмнэлгийн ерөнхий газар, Дундговь аймагт ажиллах юм.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.