Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны арваннэгдүгээр сарын 22-нд болж, Монгол Улсын 2024 оны төсвийн хөрөнгөөр төрийн худалдан авах ажиллагааны газраас хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ, аймаг, нийслэлд эрх шилжүүлэн хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ, Ерөнхий гэрээгээр худалдан авах бараа, үйлчилгээний жагсаалтыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар баталлаа.
Төсөл, арга хэмжээ бүрийн техникийн тодорхойлолт, техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, ажлын даалгавар болон бусад шаардлагатай мэдээллийг төрийн худалдан авах ажиллагааны газар, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газарт энэ оны арванхоёрдугаар сарын 1-ний дотор тус тус шилжүүлэхийг төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгалаа.
Худалдан авах ажиллагааг Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем /www.tender.gov.mn/-ээр зохион байгуулж, худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд тусгаж, тендерийн урилга, үр дүнг тухай бүр цахим системд нийтэлж байх, мөн хууль тогтоомжийн дагуу ашиг сонирхлын зөрчил, авлигаас ангид байх зарчмыг баримтлан шуурхай зохион байгуулж ажиллахыг үүрэг болголоо.
Монгол Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтад 2024 онд шинээр 692 төсөл, арга хэмжээ тусгагдаад буй юм. Тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах хяналт, шалгалтын дүнгийн талаар Сангийн сайд Б.Жавхлан тус хуралдаанд танилцуулж, 61 компанийг бүртгэлд нэмж оруулж байгааг мэдээллээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.