Хүйтний эрч эрс чангарч, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдсэн тул 2023 оны арванхоёрдугаар сарын 18-наас 2024 оны нэгдүгээр сарын 31-нийг дуустал автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулахаар шийдвэрлэсэн. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад үйлчилдэг тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд хэрхэн оролцож байгаа талаар Нийслэлийн Төр захиргааны авто бааз УТҮГ-ын дарга Э.Болор-Эрдэнээс тодрууллаа.
-Нийслэлийн Төр захиргааны авто баазад хэдэн тээврийн хэрэгсэл үйлчилгээнд явдаг вэ?
-Нийт 79 тээврийн хэрэгсэл өдөр тутмын үйл ажиллагаанд гардаг. Үүнээс 34 нь тэгш, 45 нь сондгой тоогоор төгссөн улсын дугаартай. Нийслэлийн Засаг даргын захирамж гарсантай холбогдуулан үйл ажиллагаандаа тодорхой өөрчлөлт оруулан ажиллаж байна. Өнөөдрийн хувьд тэгш тоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгслүүд үйлчилгээнд гараагүй.
-Ямар зохион байгуулалт хийж, үйлчилгээнд хэрхэн гарч байна вэ?
-Цэнхэр дугаартай тээврийн хэрэгсэл зөвхөн албан тушаалтнуудад үйлчилдэг гэсэн ташаа ойлголт олон нийтийн дунд байна. Нийслэлд аж ахуйн ажил их бий. Тиймээс манай байгууллагын тээврийн хэрэгслүүд нийслэлийн харьяа газар, хэлтэс, агентлагуудын өдөр тутмын үйл ажиллагаанд явж, үйлчилгээнд гардаг. Хууль журмын дагуу гарсан захирамж, шийдвэрийг дагаж мөрдөн ажиллаж байна. Цэнхэр дугаартай хоёр тээврийн хэрэгсэл дугаарын хязгаарлалттай өдрөө замын хөдөлгөөнд оролцож буй зураг цахим орчинд гарсан. Тухайн тээврийн хэрэгслүүд нь Нийслэлийн Төр захиргааны авто баазад бүртгэлгүй буюу нийслэлийн авто баазын тэгш тоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцоогүй.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.