Сэтгэгдэл 0
ЭМЯ-наас хэвлэлийн хурал зохион байгуулах үеэр томуу болон уушгины хатгалгаа өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар "Зинт" хүүхдийн эмнэлгийн ерөнхий эмч анагаах ухааны доктор хүүхдийн эмч Т.Навчаа зөвлөгөө өглөө.
Дэлхий нийтээр өвлийн улиралд томуу дэгддэг өвчин. Манай оронд сүүлийн хоёр долоо хоногт томуугийн дэгдэлт эхэлсэн. Түүний өгсөн зөвлөгөөг хүргэж байна.
- Томуугаас урьдчилан сэргийлэхийн тулд ес болон аравдугаар сард вакцин хийлгэсэн байхад өвчлөхгүй, хөнгөн тусдаг.
- Эцэг эх, асран хамгаалагч нар 5 хүртэлх насны болон 6 сараас дээш сартай хүүхэддээ намар болгон томуугийн эсрэг вакцин хийлгэж хэвшихийг уриалж байна.
- Томуу өвчин хүндрэл ихтэй, нас баралт гардаг. Хоёроос доош насны хүүхэд томуугаар хүнд өвддөг.
- Гэнэт 38.5-39 хэм хүрч халуурах, толгой, хоолой, яс булчин, үе, ууц нуруу өвдөнө. Хоолны дуршил буурч, хоол харахаар дотор нь муухай оргино. Гурваас дөрвөн хоног юу ч идэхгүй байснаархүүхэд шингэн дутагдалд ордог. Хамар битүүрэх, ханиах, шингэн нус гоожих шинж тэмдэг илэрнэ.
- Бага насны хүүхдэд уушгины бус шинж буюу суулгалт илэрч болно. Томуу, томуу төст өвчний үед уушгины бус шинж тэмдэг бараг илрэхгүй.
- Гурван сар хүрээгүй хүүхэд 37.5 түүнээс өндөр халуурвал яаралтай эмчид хандана.
- Дөрвөн настай хүүхэд 38 хүрч халуурвал гурав хоног гэртээ харж байж болно. Яагаад гэвэл томуу 3-4 хоног халуурдаг бол томуу төст өвчин нь 1-3 хоног халуурдаг. Энэ нь вирусийн үржил дээд цэгтээ хүрдэг хоногууд. Аажмаар сайжирч эхэлнэ. Халууралт болгон хүүхдийн бие хүндрээд байгааг илтгэнэ гэсэн ойлголт биш.
- Хүүхэд халуунгүй үедээ амьсгаадах, цээж хонхолзох, уруул, хэл, хуруу, хумсны үзүүрүүд хөхрөөд байвал хүүхдийн биеийн байдал хүнд, хатгалгаа эхэлсний шинж. Ийм шинжүүд илэрвэл нэн яаралтай эмчид хандана.
- Эмч уушгины хатгалгааг гурав ангилна. Уушгины, уушгины хүнд, уушгины маш хүнд хатгалгаа. Гурван сар хүрээгүй хүүхэд уушгины хатгалгаа авсан бол заавал эмнэлэгт эмчлүүлнэ.
- Уушгины хатгалгаа авсан гурван сартайгаас дээш хүүхэд гэрээр эмчлүүлж болно. Антибиотик ууна. Харин уушгины маш хүнд хатгалгаа заавал эмнэлэгт хэвтэж эмчлэгдэнэ. Уушгины ямар төрлийн хатгалгаа болохыг эмчээсээ асууна.
- Уушгины хатгалгаа аваад гэртээ эмчлүүлж байгаа хүүхдийг хоёр хоногийн дараа эмчид давтан үзүүлнэ.
- Бүх насны хүн амны хаалт зүүх, гараа ойрхон савандаж угаах, хүн хоорондын зайг барих, даарахгүй дулаан хувцаслаж томуугаас сэргийлнэ.
- АНУ-ын эрүүл мэндийн байгууллагаас ариутгал халдваргүйтгэл хийхийг зөвлөж байгаа. Сургууль, цэцэрлэгт хаалганы бариул, ширээ сандал, бие засах өрөө, угаалтуурын бариулуудыг ариутгалын энгийн уусмалууд, нойтон салфетка зэргээр халдваргүйжүүлэхийг зөвлөж байна.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.