ДЦУБ-ын анхны эмэгтэй Ерөнхий нарийн бичгийн дарга профессор Селесто Сауло ажлаа албан ёсоор хүлээн авлаа.
Тэрбээр 2014 оноос хойш Аргентины Үндэсний цаг уурын албаны дарга бөгөөд ДЦУБ-ын Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан ба 2023 оны 6-р сарын 1-нд 193 гишүүн оронтой ДЦУБ-ын шийдвэр гаргах дээд байгууллага болох Дэлхийн цаг уурын их хурлаар ДЦУБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдсон байна.
Проф. Сауло дэлхийн бүх улс, үндэстэн, ялангуяа эмзэг буурай орнууд цаг агаар, уур амьсгал, усны аюулт үзэгдлүүд болон байгаль орчны бусад өөрчлөлтөд илүү тэсвэртэй байх тухай дэлхий нийтийн зорилгыг биелүүлэхэд ДЦУБ-ыг чиглүүлэн ажиллах юм.
Тэрээр шинжлэх ухааны ололт, дэвшлийг нийгэмд үзүүлэх хамгийн сайн үйлчилгээ болгон ашиглах ДЦУБ-ын үйл ажиллагааг идэвхжүүлэн, санаачилгатай ажиллах болно гэсэн юм. Үүнд чанартай, хүртээмжтэй цаг агаарын урьдчилсан мэдээ гаргаж нийгэмд үйлчлэхэд чухал шаардлагатай байдаг ажиглалтын сүлжээ, мэдээлэл солилцох дэд бүтцийг бэхжүүлэх, хиймэл оюун ухааны хурдацтай хөгжлийг үр дүнтэй ашиглах, дэлхийн хүн бүрийг эрт сэрэмжлүүлэх үйлчилгээнд хамруулах зэрэг багтана.
Проф. Сауло мөн дэлхийн хэмжээнд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг бууруулах, дасан зохицох талаар шийдвэр гаргахад зориулж ДЦУБ-ын уур амьсгалын өөрчлөлт, түүний нөлөөллийн тухай судалгаануудыг нэгтгэх, тэр дундаа Дэлхийн хүлэмжийн хийн ажиглалтын шинэ санаачилгыг хэрэгжүүлэхийг зорин, мөн НҮБ-ын "Хүн бүрд эрт сэрэмжлүүлэг" санаачилгыг хэрэгжүүлэхэд НҮБ-ын бусад агентлагууд болон хувийн хэвшлийнхэнтэй илүү ойр дотно харилцаатай ажиллах болно гэж мэдэгдсэн байна.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.