Сүхбаатар аймагт тав хүртэлх насны хүүхдүүдийн дунд томуу, томуу төст өвчний дэгдэлт их байгаатай холбоотойгоор аймгийн Засаг даргын захирамжаар Баруун-Урт, Дарьганга, Уулбаян, Эрдэнэцагаан сумын цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг энэ сарын 09-20-ныг хүртэл түр хязгаарлалтын горимд шилжүүлэхээр болжээ.
Харин ЕБС-ийн хичээл тогтсон хугацаанд эхэлж хэвийн үргэлжлэх аж.
Хэдийгээр амбулаторийн нийт үзлэгийн 15 хувьд хүрвэл томуугийн цар тахал гэж үзэж сургууль, цэцэцрлэгүүдийн үйл ажиллагааг хаах, олон нийтийг хамарсан ажил явуулахыг бүрэн хориглодог. Манай аймгийн хувьд хэдийгээр томуугийн өвчлөлийн эзлэх хувь 13,5 хувьтай байгаа ч дээрх дөрвөн суманд өвчлөл өндөр байна. Мөн хөдөөгийн сумдад үзлэгийн хувь хориос дээш давсан. Цаашлаад ЕБС-ийн хичээл эхлэхээр өвчлөл дахин нэмэгдэх магадлал өндөр байгаа тул зарим цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хязгаарлалтын дэглэмд шилжүүлэх шаардлагатай болсон гэж аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Эрдэнэтуяа хэллээ.
Нэгдүгээр сарын эхний долоо хоногт тус аймгийн хэмжээнд амбулаториор үйлчлүүлэгчдийн 13,5 хувь, түргэн тусламжийн дуудлагын 28 хувь, хэвтэн эмчлүүлэгчдийн 37,8 хувийг томуу томуу төст өвчин эзэлж байна.
АНЭ-ийн 27 ортой хүүхдийн тасагт өнөөдрийн байдлаар 50 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлж, аймгийн хэмжээнд бүх эрүүл мэндийн байгууллага, эмч мэргэжилтнүүд уртасгасан цагаар ажиллаж байна.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.