Мэдээ уншиж байна...

2020/01/10 (0) (926)

Хоккейн шинэ талбайтай боллоо

Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, "Спортлог Дарханчууд" дэд хөтөлбөрийн хүрээнд аймгийн төсвийн 145 сая төгрөг, Дархан сумын ОНХС-ийн 8.5 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар аймаг, сумын ЗДТГ, аймгийн Хоккейн холбоо хамтран олон улсын стандартад нийцсэн хоккейн талбайг байгуулж, энэ сарын 8-ны өдөр хүлээн авлаа.

Дархан сумын 13 дугаар баг "Од" цогцолбор сургуулийн А, Б байрны дунд орон сууцны зориулалтаар олгогдсон байсан газрыг эзэмшигч иргэн төрд буцаан өгснөөр ийнхүү өвлийн спортыг хөгжүүлэх, хоккей сонирхогч иргэд, хүүхэд багачуудын хүсч, хүлээж байсан мөсөн талбай ашиглалтад оруулж байгаа аж.

Нээлтэд Дарханы хүүхэд багачууд, иргэдийн төлөөлөл, хоккейн спортоор хичээллэгчид болон Монголын хоккейн холбооны Ерөнхийлөгч, спортын мастер Б.Жавхлан, аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбат, Дархан сумын Засаг дарга Б.Азжаргал, Монголын хоккейн холбооны тэргүүлэгч гишүүн, спортын мастер, Дархан-Уул аймгийн Хоккейн холбооны тэргүүн М.Жаргалсайхан, аймгийн Биеийн тамир, спортын газрын хамт олон, Монголын хоккейн холбооны төлөөлөл оролцлоо.

Хоккейн талбайн нээлттэй холбогдуулан Монголын хоккейн холбооны 2019-2020 оны лигийн аварга шалгаруулах II тойргийн хоккейн тэмцээнийг зохион байгуулж байгаа юм. Тэмцээнд Шарын гол, Бласт Автомотив, Дархан, Бласт, Багануур, Хангарьд зэрэг 6 баг өрсөлдөж байна.

Хоккейн талбай нь олон улсын стандартад нийцсэн, өвөл ашиглахаас гадна бусад улиралд өөр төрлийн тэмцээн уралдаан зохион байгуулах боломжтой юм.

Спорт сонирхогчид, иргэд, хүүхэд багачууд хоккейн талбайтай болсондоо баярлаж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ өвлийн спорт, тэр дундаа хоккей нь хүүхэд багачуудыг тэсвэр хатуужилтай болгох багийн спортыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах бодит ажил боллоо гэдгийг онцолж байлаа. 

Эх сурвалж: Дархан-Уул аймгийн ЗДТГ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0