Манай улсад өнөөдрийн байдлаар Улсын нэгдүгээр төв эмнэлэгт 342 хүнд бөөр, 239 хүнд элэг, 32 хүнд ясны чөмөг үүдэл эс, Хавдар судлалын үндэсний төвд 128 хүнд элэг шилжүүлэн суулгах эмчилгээг тус тус амжилттай хийсэн байна.
Эдгээрээс 26 тархины үхэлтэй буюу амьгүй донороос 39 хүнд бөөр, 25 хүнд элэг шилжүүлэн суулгах эмчилгээг хийж 64 хүнд амьдрал бэлэглэсэн байна.
Харин үүнээс үлдсэн 90 гаруй хувь нь амьд донороос буюу эцгээс нь хүүд, охиноос нь ээжид, ахаас нь дүүд эд, эрхтнийг нь шилжүүлэн суулгасан байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мөн амьд донороос аль болох татгалзаж, амьгүй донороос эрхтэн шилжүүлэхийг уриалж байгаа юм.
Амьгүй донор буюу тархины үйл ажиллагаа нь зогссон нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон иргэдийн олонх нь гэнэтийн осол, эсвэл тархинд цус харвасны улмаас нас эцэслэдэг байна. Манай улсад аваар ослоор жилд 600 гаруй хүн, тархинд цус харвах өвчнөөр 3000 гаруй хүн нас бардаг гэсэн судалгаа бий. Харамсалтайгаар, цаг бусаар нас барж буй эдгээр хүмүүсээс ЭМХТ-ийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба өнгөрсөн хугацаанд 260 гаруй донорыг тогтоож илрүүлсэн боловч ердөө 26 иргэний ар гэр донор болохыг зөвшөөрч байжээ.
Манай улс 2018 онд Донорын тухай хуулийг шинэчилж иргэн гэнэтийн осол болон тархинд цус харваж тархины үхэлд орсон тохиолдолд бусдын амь насыг аврах хүнлэг өгөөмөр сэтгэлийн үүднээс өөрийн эрхтнээ бусдад шилжүүлэн суулгахыг зөвшөөрөх боломжтой болсон.
Энэхүү үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор "И Монгол академи" УТҮГ, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн "Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба", Санхүүгийн мэдээллийн технологийн төв хамтран Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-д “Донорын зөвшөөрлийн хүсэлт” шинэ үйлчилгээг нэвтрүүллээ гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.