Орон нутагт экспортын баримжаатай үйлдвэрлэл хөгжүүлэх, орон нутагт ингэний сүүний бэлтгэн нийлүүлэлтийн сүлжээг бий болгон, ингэний сүү боловсруулах үйлдвэрийг төр, хувийн хэвшлийн хамтын түншлэлийн замаар байгуулж, тэмээн сүргийн амьдын үнэлэмжийг нэмэгдүүлж эдийн засгийн эргэлтэд оруулах, малчдын амжиргааг дэмжин тогтвортой орлогын эх үүсвэртэй болгох зорилт бүхий олон талт арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж байна.
“Ингэний сүүний кластерийн бодлогыг хэрэгжүүлж, сүү бэлтгэн нийлүүлэх түүхий эдийн сүлжээ бүрдүүлэх” төслийн хүрээнд ингэний сүү боловсруулах үйлдвэрийн түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийг хангах, орон нутгийн тэмээчдийг орчин үеийн технологит сургах зориулалт бүхий ингэний сүүний фермийг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Өмнөговь аймгийн ЗДТГ, “SPG” ХХК-ийн хамтын хөрөнгө оруулалтаар байгуулан үйл ажиллагаагаа хэдийнэ тогтворжуулсан ба өнөөдөр “Ингэний сүү боловсруулах үйлдвэр”-ийг ашиглалтад оруулж тус үйлдвэрийн нээлтийг хийж байна.
Энэхүү үйлдвэр нь хоногт 4-12 тонн ингэний сүүг хуурайшуулах болон шингэн боловсруулалт хийх хүчин чадалтай бөгөөд түүхий эд бэлтгэн нийлүүлэлтийн загвар ингэний ферм, ногоон тэжээлийн үйлдвэрлэл, бүтээгдэхүүний ложистикийн сүлжээтэй цогцоороо байгуулагдаж байгаагаараа онцлогтой бөгөөд улсын хэмжээнд ингэний сүү боловсруулах анхдагч үйлдвэр болж буйгаараа түүхэн чухал ач холбогдолтой гэж Өмнөговь аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.