Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы 2024 оны аравдугаар сарын 04-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар дөрвөн асуудлыг хэлэлцэхээр товлолоо. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т заасны дагуу Д.Амарбаясгалан дарга Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн төслийн талаар мэдээлсний дараа “Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 76.8 хувь нь дэмжсэнээр батлагдав. Иймд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан эцсийн найруулгыг танилцуулсан. Энэхүү тогтоолоор Улсын Их Хурлын гишүүн Б.Найдалааг Төрийн байгуулалтын байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишигийг Эдийн засгийн байнгын хорооны гишүүнээс чөлөөлж, Улсын Их Хурлын гишүүн Б.Найдалааг Эдийн засгийн байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишигийг Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүнээр баталлаа.
Дараа нь “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ. Төслийн талаар нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр танилцуулав.
Төслийг хуулийн хугацаанд нь холбогдох баримт бичигт нийцүүлэн боловсруулж, өргөн мэдүүлсэн гэдгийг тэрбээр дурдаад “Хүнсний хувьсгал” хөтөлбөр, “Цагаан алт” үндэсний хөтөлбөр, “Монголд зочлох жил”, “Залуучуудын жил”, “Шинэ хоршоо-Чинээлэг малчин”, “Атар-IV тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ы хэрэгжилтийг эрчимжүүлэхэд чиглэсэн нэн тэргүүнд хэрэгжүүлэх бодлогын төсөл, арга хэмжээнүүдийг тусгасан гэлээ.
Хамтарсан Засгийн газрын “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” гэрээг удирдлага болгон “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө”-г Эдийн засаг, Бүсчилсэн хөгжил, Хүний хөгжил, Хүний эрхийг дээдэлсэн засаглалын гэсэн 4 үндсэн бодлогын тэргүүлэх чиглэлийн хүрээнд “Урт хугацааны тогтвортой хөгжлийг хангах суурийг бэхжүүлэх” зорилгыг тодорхойлж, дэд бүтэц, бүтээн байгуулалтын 14 мега төсөл, тогтвортой хөгжлийг хурдасгах 149 төслийн хэрэгжилтийг эрчимжүүлж, салбарын реформуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Эдийн засгийн бодлогын хүрээнд урт хугацааны тогтвортой хөгжлийн суурь дэд бүтцийг бий болгох 14 мега төслийг 2025 онд багтааж бүрэн эхлүүлэхээр төсөлд тусгасан байна. Макро эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, эдийн засагт төрийн оролцоог бууруулах, салбаруудад бодлогын цогц реформ хийх ажлуудыг хэрэгжүүлэхээр тусгажээ. Санхүү, даатгал, хөрөнгийн зах зээлийн хууль, эрх зүйн орчныг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх реформыг ирэх онд үргэлжлүүлэхийн зэрэгцээ олон улсын нэр хүнд бүхий банкны салбарыг дотоодын зах зээлд нэвтрүүлж, өрсөлдөөнийг нэмэгдүүлж, иргэд, хувийн хэвшилд олгох зээлийн хүүг бууруулах, зээл хүртээмжтэй байх нөхцөлийг бүрдүүлнэ хэмээн Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр танилцуулсан.
Эрчим хүч, тээвэр, хөдөө аж ахуй, банк санхүүгийн салбарт бодлогын цогц шинэчлэл, реформ хийж, бүтээмж болон өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх бол уул уурхайн салбарт тусгай зөвшөөрлүүдийг ил тод болгож, биржээр арилжаалдаг уул уурхайн бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлж, ил тод тогтолцоог бэхжүүлэх зорилт тавьсан байна.
Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд байгалийн баялаг, нөөц, байршлын давуу талд тулгуурласан бүсчилсэн хөгжлийн реформыг хэрэгжүүлж, бүс бүрд ач холбогдолтой томоохон төслүүдийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангаж, техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулна гэлээ. Бүсүүдийг төрөлжүүлэн хөгжүүлэх татварын ялгаатай бодлогыг 2025 оноос эхлэн хэрэгжүүлж, бүс орон нутгийн төсвийн бие даасан байдлыг нэмэгдүүлэх, бүс бие даан хөрөнгө оруулалт татах, эдийн засгийн бодлогоор өрсөлдөх боломжийг бүрдүүлнэ. Орон нутгийн төвлөрлийг дэмжих хүрээнд Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьшиж буй иргэд, аж ахуйн нэгжид үзүүлэх бодлогын дэмжлэгийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Улаанбаатар хотыг “20 минутын хот” буюу нийгмийн дэд бүтцийн хүртээмжийг зохистой түвшинд хүргэх бодлогын баримт бичгийг боловсруулж, түүнд суурилсан “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө” болон бусад хот, суурин газрын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулахаар төсөлд тусгажээ. Дагуул хотуудын хатуу, зөөлөн дэд бүтцийг хөгжүүлэх юм байна. Мөн шинэ суурьшлын бүс байгуулах ажлыг эрчимжүүлж, эдийн засгийн бүсчилсэн хөгжлийг дэмжин төвлөрлийг сааруулна. Улсын зэрэглэлтэй хотын дэд бүтцийг эрчимжүүлж, эдийн засаг, санхүүгийн хувьд бие даасан байх нөхцөлийг бүрдүүлнэ хэмээн Л.Гантөмөр сайд танилцуулав.
Хүний хөгжлийн бодлогын хүрээнд иргэн бүр нийгмийн суурь үйлчилгээнд тэгш хамрагдах, орлого олох, хөгжих боломжийг бүрдүүлэхэд чиглэсэн гэр бүл, хүүхэд, залуучууд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн онцлогт нийцүүлсэн бодлогыг хэрэгжүүлэх бол хүний эрхийг дээдэлсэн засаглалын бодлогын хүрээнд төрийн албаны реформыг хэрэгжүүлж, үр ашиг, хүртээмжийг нэмэгдүүлэн, чадварлаг, ухаалаг төрийн албаны тогтолцоог төлөвшүүлнэ. Төрийн үйлчилгээний цахимжилт, процессын дахин инженерчлэлийг үргэлжлүүлж, шийдвэр гаргалт, үйл ажиллагаанд иргэдийн хяналт тавих тогтолцоог хиймэл оюун ухаан, дэвшилтэт технологи ашиглан бүрдүүлж, иргэдэд ойр төрийн үйлчилгээг бий болгох юм байна.
Бодлогын тэргүүлэх 4 чиглэлийн хүрээнд төлөвлөсөн төсөл, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлснээр улсын эдийн засаг 2025 онд 8 хувиар өсөж, экспорт 19.0 тэрбум ам.долларт хүрч, гадаад валютын улсын нөөц нэмэгдэж, инфляц зорилтот түвшинд хадгалагдана хэмээн тооцжээ.
Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний төсөлд нийт 314 төсөл, арга хэмжээг 19.2 их наяд төгрөгөөр санхүүжүүлэхээр тусгажээ. Үүнээс улсын төсвийн хөрөнгөөр 5.2 их наяд төгрөг, гадаадын зээл, тусламжаар 4.2 их наяд төгрөг, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар 4.1 их наяд төгрөг, төр, хувийн хэвшлийн түншлэлээр 4.1 их наяд төгрөг, бусад эх үүсвэрээр 1.5 их наяд төгрөгийг тус тус санхүүжүүлэхээр төлөвлөсөн байна.
Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамц танилцуулав. Тус Байнгын хороо 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаараа “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийсэн байна. Тогтоолын төслийг d.parliament.mn цахим сайтад байршуулж, иргэд, олон нийтийн саналыг авч байгааг тэрбээр дурдсан.
Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөрийн танилцуулга, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, Засгийн газрын гишүүд болон ажлын хэсгээс хариулт, тайлбар, мэдээлэл авсан юм. Тухайлбал, макро эдийн засагт чухал нөлөө үзүүлэхүйц Оюутолгойн бүтээн байгуулалт ирэх онд дуусах, мөн Монгол Улс хүн ам зүйн цонх үе дуусч байгааг улсын хөгжлийн төлөвлөгөөний төслийг боловсруулахдаа харгалзсан эсэхийг лавласан. Холбогдох тооцооллуудад үндэслэн эдийн засгийн тогтвортой байдлыг хангах бодлогын хүрээнд 5.4 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалттай Монгол, Францын хамтарсан Ураны төсөл тэргүүтэй 14 мега төслийг эхлүүлэх, эрчимжүүлэхээр тусгасан гэдгийг Л.Гантөмөр сайд онцлов. Эдгээрийн тал бүрийн үр өгөөж, ач холбогдлыг нийтээрээ ухамсарлаж, дэмжих шаардлага бий гэдэг тайлбарыг өгсөн. Ирээдүйн өв сан, Үндэсний баялгийн сан зэрэг нь Монгол Улс хүн ам зүйн өөрчлөлттэй уялдуулан хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээ гэдэг хариултыг өгөв. Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилт ирэх оноос эхлэх бөгөөд энэ дагуу аймгийн төвүүд хотын статустай болох тул холбогдох бэлтгэлийг хангах, холбогдох төлөвлөлтийг ирэх оны хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдсан эсэхийг лавласан.
Ипотекийн зээлийн талаарх арга хэмжээний төлөвлөлтийг тодруулсан гишүүдийн асуултад хариулахдаа “Орлогод нийцсэн орон сууц худалдан авах иргэдийг дэмжих хүрээнд “Хуримтлалын сан” байгуулсан бөгөөд Ерөнхий сайдаар ахлуулсан Үндэсний орон сууцжуулалтын Үндэсний хороо бодлогын түвшинд ажиллаж, энэ чиглэлийн тогтолцоог бий болгох юм. Хуримтлалын санд энэ онд 490 тэрбум төгрөг, ирэх жил 524 тэрбум төгрөгийн эх үүсвэр хуримтлагдана. Үүн дээр арилжааны банкууд болон Монголбанкнаас эх үүсвэр нэмснээр 2025 онд ипотекийн зээлийн 1.3 их наяд төгрөгийн эх үүсвэр бий болно” гэлээ. Амины орон сууцад ипотекийн зээл олгох боломжийг нээсэн хэдий ч холбогдох гэрчилгээжүүлэлт, стандартыг батлаагүй байгаа нь сорилт болоод байгаа, түүнчлэн зорилтот бүлэгтээ оновчтойгоор хуваарилах зэрэг асуудал байгаа бөгөөд эдгээрийг шийдвэрлэх арга хэмжээнүүдийг ирэх оны хөгжлийн төлөвлөгөөнд тусгасан гэдэг хариултыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан өгсөн. Ипотекийн зээл олголтын 50 хувийг нийслэлд, гэхдээ төвөөс алслагдсан орон сууцуудад олгох, үлдсэн 50 хувийг орон нутагт олгох бодлого баримтална гэлээ. Мөн тэрбээр дотоодын хөдөлмөрийн зах зээл дэх ажиллах хүчний нөхцөл байдалтай холбогдуулан төрөөс авч хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн.
Гишүүд төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах, үйл ажиллагааны ил тод байдлыг хангах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тодруулсан. Ирэх оны төсвийн төслийг дагалдуулан төрийн болон орон нутгийн өмчит компаниуд ил тод байдлыг хангах чиглэлээрх бүх хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллах шаардлагыг тавьж, холбогдох эрх зүйн орчныг бүрдүүлэх болно хэмээн Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал хариулсан.
Ийнхүү “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийн явцад чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.