Монгол Улсын Ерөнхий Ухнаагийн Хүрэлсүх Арабын эдийн засгийн хөгжлийн төлөөх Кувейтийн сангийн Ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч Валийд Аль-Бахар-ыг хүлээн авч уулзлаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Кувейтийн сангийн шугамаар авто зам, эрчим хүч, эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлсэн төслүүд нь хоёр орны харилцааг бэхжүүлэх, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжил, иргэдийн ахуй амьдралыг дээшлүүлэхэд чухал нөлөө үзүүлснийг тэмдэглэлээ.
400 гаруй км авто зам тавих, Тайширын усан цахилгаан станц, Түлэнхийн төв зэрэг томоохон бүтээн байгуулалтад оруулсан хувь нэмрийг нь Монголын ард түмэн өндөр үнэлж байдгийг хэлж, цаашид олон төсөл, хөтөлбөрийн хүрээнд харилцан ашигтай хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Арабын эдийн засгийн хөгжлийн төлөөх Кувейтийн сангийн Ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч Валийд Аль-Бахар цаашид Монгол Улсын тэргүүлэх ач холбогдол бүхий төсөл, хөтөлбөрүүдэд идэвхтэй хамтран ажиллахаа нотоллоо. Мөн Арабын улс орнуудын сангуудыг хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдэд татан оролцуулах боломжтойг хэллээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, дэд бүтэц, эрүүл мэндийн салбараар дамжуулан эдийн засгийн хөгжилд оруулж буй хувь нэмрийг нь үнэлэн Арабын эдийн засгийн хөгжлийн төлөөх Кувейтийн санг “Найрамдал” медалиар шагналаа.
Монгол Улс, Кувейтийн сан 1996 оноос хойш хамтран ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд Кувейтийн сангийн 76 сая ам.долларын санхүүжилтээр автозам, эрчим хүч, эрүүл мэндийн салбарт таван төслийг амжилттай хэрэгжүүлсэн юм.
Талууд Хэнтий аймгийн “Өндөрхаан” нисэх онгоцны буудлыг өргөтгөх төслийг хамтран хэрэгжүүлж байна.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.