Ойрын өдрүүдэд цас орж, цаг агаар хүйтэрсэн учраас Тээврийн цагдаагийн албанаас тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, өвлийн дугуйтай хөдөлгөөнд оролцож байгаа эсэх асуудлаар хяналт шалгалтыг хийсэн юм. 10 гаруй тээврийн хэрэгслийг шалгахад жолооч нар зөвхөн урд хоёр дугуйгаа өвлийн дугуйгаар сольсон эсвэл гулгаатай үед зуны дугуйтай хөдөлгөөнд оролцож буй зөрчлүүдийг илрүүлэв. ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамир цас орсон үед зайлшгүй өвлийн дугуйтай хөдөлгөөнд оролцохыг иргэд болон аж ахуйн нэгжийн түгээлтийн жолооч нарт анхаарууллаа. Учир нь өвлийн дугуй нь арзгар хээ, ховилтой тул зуны дугуйтай харьцуулахад цас, мөстэй замд барьцалдах чадвар сайн. Халтиргаатай замд автомашины зогсох чадварыг 30-40 хувиар нэмэгдүүлдэг. Өвлийн цаг агаарын нөхцөлд зориулагдсан тул дулаанд амархан халалт үүсдэг зэрэг онцлогтой. Тиймээс цас орсон үед иргэд зайлшгүй зуны дугуйг өвлийн дугуйгаар сольж, урьдчилан бэлтгэх хэрэгтэйг Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүллээ.
Энэ талаар ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамир “Жолооч нар тээврийн хэрэгслийг өвөлд бэлтгэх ажлыг есдүгээр сарын сүүл, аравдугаар сарын эхээр урьдчилан бэлдэх ёстой. Ялангуяа алслагдсан гэр хорооллын гудамж, замууд цас орсны дараа амархан мөстдөг. Налуу, эгц замууд ч байдаг шүү дээ. Жолооч та өвлийн дугуйгаа эрт солихгүй бол аль ч замаар зорчиж болно. Тиймээс жолооч нар тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, цас орсон болон гулгаатай үед зайлшгүй өвлийн дугуйтай хөдөлгөөнд оролцох хэрэгтэй. Ингэснээр өөрийн болон бусдын амь нас, эд хөрөнгийг хамгаалж, болзошгүй эрсдэлээс сэргийлнэ.
Авто зам дээр шалгалт хийх үед түгээлтийн автомашинууд хүртэл тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй хөдөлгөөнд оролцож байна. Үүнд аж ахуйн нэгжүүд, удирдлагууд нь анхаарах хэрэгтэй. Удаа дараа зөрчил гаргасан тохиолдолд тухайн байгууллагыг Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцуулдаг. Иргэд өвлийн дугуйгүй байгаадаа олон тайлбар хэлж байгаа ч энэ бол эцэст нь таны болон бусдын амь нас, эд хөрөнгийг эрсдэлд оруулж болзошгүй чухал асуудал. Цаг агаарын нөхцөлөөс шалтгаалан цас орсон үед зогсоох арга хэмжээ авахад хамгийн чухал зүйл бол өвлийн дугуй. Мөн жолооч нар маань тээврийн хэрэгслийн гэрэл дохио зэрэг бусад бүрэн байдлыг ч хангах шаардлагатай” гэдгийг хэллээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.