Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 385 жил, Нийслэл Хүрээг “Улаанбаатар хот” хэмээн нэрийдсэний 100 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн үе үеийн удирдлагууд, НИТХ-ын төлөөлөгчид, иргэд Мэлхийт хөшөө, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, сүлдэт хуурыг цэнгүүллээ.
Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар “Нийслэлчүүддээ ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Одоогоос 385 жилийн тэртээ 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Халх Монголын шарын шашны тэргүүнд өргөмжлөн “Өргөө” байгуулснаар Монгол Улсын нийслэлийн үүслийг тавьсан түүхтэй. Тэр цагаас хойш 21 удаа бууриа сэлгэж, 1778 онд Богдхан уулын ар, хатан Туулын хөвөө, сэрүүн Сэлбийн дэнж, Хүн чулууны хонхорт суурьшсан. Энэхүү түүхэн үйл явдлыг мөнхжүүлэх, хойч үедээ таниулан сурталчлах зорилгоор 1994 онд дурсгалын Мэлхийт хөшөөг босгож, нийслэлийн ойгоор хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай болсон билээ. Нүүдэлчин соёл иргэншилтэй бидний хувьд хотжих үйл явц маш хурдацтай явагдаж байгаагийн нэг тод жишээ бол Улаанбаатар хот юм. Улаанбаатар хотын хүн ам 1919 онд 100 байсан бол өнөөдөр албан ёсоор 1.8 сая гаруй, ирж буй зочид, гийчид, хүмүүсийг оруулбал 2 сая орчим хүн амтай мега хот болжээ. Улаанбаатар хотын цаашдын хөгжлийн чиг, хандлага, бодлогын зорилтуудыг мега хотын стандартад нийцүүлж шинэчлэх хэрэгтэй. Тиймээс бид энэ удаагийн нийслэлийн ойг баяр ёслолын байдалтай тэмдэглэхээс илүүтэй нийслэл хотын өмнө тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэх Улаанбаатар хотын богино, дунд, урт хугацааны зорилт, бодлогыг шийдвэрлэж өнгөрүүлнэ. Их хотынхоо хөгжил, цэцэглэлт, бүтээн байгуулалтын төлөө хамтдаа зүтгэе гэдгийг та бүхэнд уриалж байна” хэмээлээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.