Мэдээ уншиж байна...

Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах ажлын хэсэг хуралдлаа

Улсын Их Хурлын даргын 2024 оны 86 дугаар захирамжаар байгуулагдсан Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг 2024 оны арваннэгдүгээр сарын 04-ний өдөр хуралдаж, хуулийн төслийг боловсруулах, олон нийтээр хэлэлцүүлж, санал авах арга хэмжээний цаглаврыг хэлэлцлээ. Хуралдаанд Засгийн газрын тохируулагч агентлаг-Монополын эсрэг газар, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах нийгэмлэгийн төлөөлөл оролцлоо.

Цаглаврын төслийг Ажлын хэсгийн ахлагч Б.Бат-Эрдэнэ танилцуулж, хуулийн төслийг боловсруулах ажлыг энэ оны 11-12 дугаар сард хийж, ирэх оны 1-2 дугаар сард Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр төлөвлөсний хүрээнд эрдэм шинжилгээний хурал, бизнес эрхлэгчдийн нээлттэй хэлэлцүүлэг, салбар салбарын болон аймаг, нийслэл, сум, дүүргийн хэрэглэгчдээс санал авах ажиллагаа, төрийн бус байгууллагуудын уулзалт зэрэг олон ажил хийхийн зэрэгцээ зөвлөлдөх санал асуулга явуулахаар болсныг дурдав.

Ажлын хэсгийн гишүүн, Улсын Их Хурлын гишүүн Д.Батбаяр хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах бие даасан байгууллага байх ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлж, энэ талаарх нийтлэг зургаан зарчмыг хэрэгжүүлэх, хараат бус бие даасан платформоор ажиллах, маргаан шийдвэрлэх хялбаршуулсан тогтолцоог нэвтрүүлэх зэрэг асуудлыг хуулийн төсөлд тусгах нь зүйтэй гэсэн юм. Ажлын хэсгийн гишүүн, Улсын Их Хурлын гишүүн Д.Батболд хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тогтолцоо өнөөдрийн байдлаар хэрхэн ажиллаж байгаа талаар сайтар үнэлж байж, хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг боловсруулах шаардлагатайг онцлов.

Монополын эсрэг газраас хуулийн төсөл боловсруулах талаар явуулж байгаа үйл ажиллагааг тус газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын дарга Ц.Тэрбиш танилцуулав. Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажил 2019 оноос эхэлсэн бөгөөд 2021 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш нараас бүрдсэн зөвлөх баг мөн хуулийн төсөл боловсруулсан байна. Одоогийн байдлаар Монополын эсрэг газарт хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиглэлээр зургаан байцаагч ажилладаг бөгөөд орон нутагт 15 байцаагч ажиллаж байна. Харин Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг төрийн бус байгууллагын статустай ажилладаг ажээ.

Ажлын хэсгийн хуралдаанаас хуулийн төсөл боловсруулах, олон нийтээр хэлэлцүүлэх ажлын цаглаврыг зөвшөөрч, үзэл баримтлалыг шинэчлэн боловсруулах ажлыг эрчимжүүлэхээр тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газрын мэдээлэв.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0