Ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангагдах эрхийн хэрэгжилтийг үнэлж, санал, дүгнэлт гаргах, цаашид авах арга хэмжээний санал боловсруулан танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг энэ долоо хоногт хоёр өдөр дараалан хуралдах юм. Энэ талаар ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Б.Уянгаас зарим зүйлийг тодрууллаа.
-Усны асуудлыг зохицуулсан 13 орчим хууль байдаг. Хууль хоорондын нийцэл ямар байна вэ. Ер нь ажлын хэсэг байгуулах гол шалтгаан нөхцөл юу байсан бол…?
-Монгол Улсын Их Хурлын даргын 09 дүгээр сарын 05-ны өдийн 79 дүгээр захирамжаар Ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангагдах эрхийн хэрэгжилтийг үнэлж, санал, дүгнэлт гаргах, цаашид авах арга хэмжээний санал боловсруулан танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийг долоон гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Байгалийн ухааны салбарын хүн болохоор надаар ажлын хэсгийг ахлуулахаар болсон байх.
Улсын Их Хурлаас энэ чиглэлийн ажлын хэсгийг 2022 онд байгуулж байсан юм билээ. Холбогдох тайлан, ажлын хэсгийн протоколуудтай танилцсан.
Ер нь хүний ундны усаар хангагдах суурь эрх хэрхэн хангагдаж байгаа асуудал нь судалгааны хувьд гүн гүнзгий агуулгатай, өргөн цар хүрээтэй сэдэв. Усны нөөцийн асуудал гэхэд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Усны газарт хамаардаг. Гэхдээ 2008 оноос өмнө нь тухайн үеийн Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Үндэсний геологийн албанд холбогдох мэдээлэл нь байж байх жишээтэй. Мөн айл өрхүүдэд түгээх цэвэр усны угсралт, ариун цэврийн байгууламж нь Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яаманд, ус суваг, тохижилт төлбөр тооцоо нь нийслэлийн харьяаны асуудалд хамаардаг гэх зэргээр олон газарт асуудал нь харьяалагддаг. Хамгийн гол нь олон газарт харьяаллагддаг салаалсан асуудлын уялдаа холбоо нь хууль эрх зүйн орчинд хангагдсан эсэх нь чухал.
Монгол Улс усны асуудлыг зохицуулсан 13 орчим хуультай. Ажлын хэсэг есдүгээр сарын эхээр хийсэн эхний хуралдаанаараа дээрх хуулиудад хуульчдаар дүн шинжилгээ хийлгэхээр тохирсон. Ялангуяа ус гэсэн нэр томьёолол орсон дөрвөн хуулийн хооронд давхардал, хийдэл, зөрчил байгаа эсэхийг судлуулахаар Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнд хандсан. Ирэх сарын 15-н гэхэд судалгааны тайлан дүн шинжилгээний хариу гарах юм.
-Ажлын хэсгийн хоёр дахь хуралдаанаар саарал усны ашиглалтын асуудлыг хөндсөн санагдана. Энэ талаарх хууль эрх зүйн зохицуулалт нь ямар байгаа бол…?
-Ажлын хэсгийн хуралдаанд Усны газрын дарга З.Батбаяр 2011 онд батлагдсан “Ус үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд хийсэн ажлын тайлангаа танилцуулсан. 2021 онд хэрэгжиж дууссан эл хөтөлбөрийн хүрээнд Мянганы сорилтын сангийн төслөөр баригдаж буй хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн явц байдал, хэрэгжүүлж дуусахаар төлөвлөж буй үйл ажиллагааны талаар мэдээлэл авсан. Төслийн хүрээнд “Ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр байгуулах”, “Хаягдал ус дахин боловсруулах” зэрэг гурван үйлдвэрийг барьж 2025 онд ашиглалтад оруулахаар зэхжээ. Өөрөөр хэлбэл, бидний өдөр тутамдаа хэрэглээд урсгасан ус цэвэрлэх байгууламжаар дамжаад тус үйлдвэрт дахин цэвэрлэж, боловсруулагдаад буцаж ашиглах асуудлын дэд бүтэц бэлэн болжээ гэсэн үг. Гэвч дахин боловсруулсан ус ашиглахтай холбоотой хуулийн тодорхой зохицуулалт байхгүй байна. Тухайн үйлдвэрт дамжуулах усны стандарт, найрлага нь ямар байх ёстой, боловсруулсан ус ямар стандарттай байх юм, тэрхүү стандартад хэн, хаанаас хяналт тавих вэ гэсэн нарийвчилсан тодорхой зохицуулалт алга. Иймд устай холбоотой аль нэг хуульд нь саарал усны харилцааг зохицуулсан асуудлыг тусгах шаардлагатай гэсэн ерөнхий дүгнэлтэд хүрээд байна.
Нөгөөтээгүүр, үйлдвэрт хаягдал усыг дахин цэвэршүүлж, боловсруулахад тодорхой технологийн зардал гарах тул эцсийн бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингэх нь гарцаагүй. Дахин боловсруулсан ус өртөг өндөртэй байна гэсэн үг. Энэ нөхцөлд бид үер, цас мөсний усыг хадгалах ухаалаг хуримтлал үүсгэх нь өртөг зардлын хувьд бага байж ч мэдэх юм. Тэгэхээр асуудлыг олон талаас нь судлах зүйтэй. Тиймээс салбарын эрдэмтэн, судлаачдаа сонсох шаардлагатай байна.
-Ажлын хэсгээс тусгайлан эрдэмтэн, судлаачдын үгийг сонсож, хэлэлцэнэ гэсэн үг үү?
-Ажлын хэсгийн ахлагчийн хувьд өнгөрсөн хугацаанд усны асуудлаар салбарын төлөөлөлтэй албан бус уулзалтуудыг олонтаа хийсэн. Гэхдээ ажлын хэсгийн хувьд энэ долоо хоногийн хуралдаанаар устай холбоотой төрийн яам агентлаг, төрийн бус байгууллага, эрдэмтэн судлаачид гээд салбарын бүх талуудын оролцоог хангаж усны асуудлаар хийж байгаа ажил, цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний талаар ерөнхий мэдээлэл сонсож, танилцана.
Дараа нь хуулийн давхардал, хийдлийн талаарх судалгааны дүн шинжилгээ бэлэн болмогц Мянганы сорилтын сангийн төслийн хүрээнд барьж буй үйлдвэр болон бусад асуудлаар газар дээр нь очиж танилцах ажлуудыг зохион байгуулна. Үүний дараа л ажлын хэсэг хуулийн хэрэгжилтийн талаарх зөвлөмж, санал, дүгнэлтээ боловсруулна даа.
-Ер нь монголд усны чанарын асуудал хэр байгаа бол… Ажлын хэсгийн ахлагчийн хувьд олон янзын мэдээлэл судалгаатай танилцсан нь гарцаагүй?
-Судлаач хүний хувьд хэлэхэд усны чанарын асуудлыг байнга ярьж байх хэрэгтэй гэж боддог.
Шинжлэх ухааны академийн холбогдох хүрээлэнгүүдийн усны чанарын талаарх нарийвчилсан судалгаануудыг хийсэн байдаг. Тухайлбал, Монгол Улсын 21 аймаг, сумдын хүн амын ундандаа өргөн хэрэглэдэг худгуудаас сорьц авч, усны чанарыг судалж, тайлан дүгнэлтээ гаргасан байдаг. Үүнээс эш татвал, Өмнөговь аймгийн 15 сумын унданд хэрэглэдэг худгийн усны чанарыг 88 үзүүлэлтээр судлахаар 73 сорьц авсан байдаг. Энэхүү 73 сорьцын 13 нь унданд хэрэглэж болохгүй, 22 нь шууд хэрэглэж болох, үлдсэн нь ариутгах шаардлагатай гэснийг тайланд тэмдэглэсэн байна билээ. Тиймээс бид эрдэмтэн судлаачдынхаа цаг хугацаа, хүн хүч, хөрөнгө мөнгө босгож хийсэн судалгааны тайлангуудыг уншдаг, холбогдох зөвлөмжийг дагаж, асуудлыг шийдвэрлэхэд тусгадаг байх шаардлагатай байна.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.