Мэдээ уншиж байна...

Админ 2024/11/18 (0) (16)

ЭХЗХ: Цахилгаан эрчим хүчний үнэ тариф шинэчлэгдлээ

Эрчим хүчний зохицуулах хорооноос хэрэглэгчийн цахилгааны тарифыг 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс, дулааны тарифыг 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс бодит өртөгт хүргэж, дараах байдлаар мөрдүүлэхээр болсон.

  • Цахилгааны дундаж тариф 1 кВт.ц тутамд 216 төгрөг байгааг 280 төгрөг болгож бодит өртөгт хүргэж байна.
  • Цахилгааны тарифын шинэчлэлийн хүрээнд айл өрх эрчим хүчний хэрэглээгээ хянах, хэмнэх сонирхлыг төрүүлэхийн зэрэгцээ өрхөд очих төлбөрийн ачааллыг аль болох бага байлгахаар өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
  • Хэрэглээнээс хамаарсан 3 шатлалтай тарифыг нэвтрүүлсэн. Айл өрхийн дундаж тариф өмнө нь 140 төгрөг байсан бол шинэчилсэн тарифаар тухайн сарын эхний 150 кВт.ц хүртэл хэрэглээг 175 төгрөгөөр, дараагийн 150-300 кВт.ц-ийн хооронд байгаа хэрэглээг 256 төгрөгөөр, 300 кВт.ц-аас илүү гарсан хэрэглээг 285 төгрөгөөр тус тус тооцно.

Өөрөөр хэлбэл иргэд эрчим хүчийг хэмнэлттэй, хэрэглээндээ тохируулж хэрэглэвэл бага үнээр тооцогдож, бага төлбөр төлнө. Ингэснээр айл өрхийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний 1 кВт.ц тутамд 35-131 төгрөгийн өөрчлөлт орох юм.

Манай улсын 788 мянган ахуйн хэрэглэгчдийн 45 хувь нь 150 кВт.ц хүртэл, 40 хувь нь 150-300 кВтц, 15 хувь нь 300 кВт.ц-аас дээш цахилгааныг тус тус хэрэглэдэг.

  • Одоо мөрдөгдөж байгаа цахилгааны өдөр ба шөнийн цагийн 2 тариф дээр оройн “оргил ачааллын цагийн тариф”-ыг шинээр нэвтрүүлж байна. Хэрэглэгч айл өрх энэхүү цагийн ялгаварт 3 тарифыг сонгосон тохиолдолд шөнийн цагийн тарифт өөрчлөлт оруулахгүй хэвээр мөрдөнө.
  • Гэр хорооллын айл өрхийн халаалтын улирлын цахилгааны шөнийн хөнгөлөлт хэвээрээ үргэлжилж байна.
  • Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн тарифт өөрчлөлт оруулахгүй хэвээр мөрдөнө.
  • Аж ахуйн нэгж, байгууллагын цахилгааны тарифыг дунджаар 30 хувиар өөрчилсөн.

Улсын хэмжээнд айл өрхийн цахилгааны сарын дундаж хэрэглээ 220 кВт.ц байдаг ба 1 сарын цахилгааны төлбөр 36,220 төгрөг байсан нь 15,887 төгрөгийн өөрчлөлт орж 52,107 төгрөг болох юм.

Дашрамд дурдахад айл өрхийн цахилгаан, дулааны тарифт 2019 оноос хойш 5 жилийн хугацаанд өөрчлөлт ороогүй тогтвортой мөрдөж ирсэн байна.

Үнэ, тарифт шинэчлэл хийж, зах зээлийн зарчимд нийцүүлж эхэлснээр эрчим хүчний салбарын санхүү, эдийн засгийн бие даасан байдал хангагдах боломж бүрдлээ гэж Эрчим хүчний зохицуулах хорооноос мэдээллээ.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0