Мэдээ уншиж байна...

Админ 2024/11/22 (0) (7)

Газрын тосны хайгуулын Хэрлэнтохой XXVIII талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулав

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 137 дугаар тогтоолоор Газрын тосны хайгуулын Хэрлэнтохой XXVIII талбайд “Монголиа Фойсон Энержи” ХХК-тай Бүтээгдэхүүн хуваах гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу байгуулах эрхийг Ашигт малтмал, газрын тосны газарт олгосон юм.

Энэ хүрээнд Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Л.Баярмандал “Монголиа Фойсон Энержи” компанийн гүйцэтгэх захирал Мен Зи Ли нар Бүтээгдэхүүн хуваах гэрээг өнөөдөр үзэглэлээ.

Ёслолын арга хэмжээнд Ашигт малтмал, газрын тосны газрын Газрын тосны бүтээгдэхүүний газрын дарга Б.Түвшинжаргал, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Ш.Ганхуяг, Газрын тосны хайгуулын хэлтсийн дарга Э.Мөнх-Ирээдүй, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Эрдэс баялгийн бодлогын газрын Газрын тосны бодлого хариуцсан ахлах шинжээч А.Пүрэв болон яам, агентлагийн холбогдох газрын удирдлагуудаас гадна “Фойсон Энержи Холдингс Лимитед” компанийн хөрөнгө оруулагч “Бээжин Фуайер хөрөнгө оруулалт” компанийн захирал Луй Күн нарын бусад зочид төлөөлөгчид оролцов.

Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээгээ дотоодын эх үүсвэрээр хангахыг зорин, Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт Газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж, 2027 онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Иймд тус үйлдвэрийг түүхий тосоор хангах, нөөцийг нэмэгдүүлэхэд “Монголиа Фойсон Энержи” ХХК-ийн Хэрлэнтохой XXVIII талбайн хайгуулын ажил маш чухал үүрэгтэй гэдгийг Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Л.Баярмандал нээлтэд хэлсэн үгэндээ онцоллоо.

Мөн тэрбээр “Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогод газрын тосны хайгуулын ажлыг эрчимжүүлж, нөөцийг өсгөх, олборлолтыг нэмэгдүүлэх зорилтыг тусгаж, эдийн засгийн үр өгөөж өндөртэй төслүүдэд хөрөнгө оруулагчдыг урьж, эрх зүйн таатай, тогтвортой орчин бүрдүүлэхэд онцгой анхаарч, олон шинэчлэл хийсэн энэ цаг үед та бид энэхүү гэрээг үзэглэж байна. Тиймээс газрын тосны салбарын төр засгийн бодлого, хууль тогтоомжтой уялдаж, хариуцлагатай уул уурхайн зарчмыг хэрэгжүүлж, орон нутагтайгаа харилцан ойлголцож, сум, орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулах, байгаль орчин, нийгмийн нөлөөллийг харгалзах, үйл ажиллагаагаа сурталчлан таниулах зэргээр гэрээгээр хүлээсэн үүргээ сайтар биелүүлж ажиллах”-ыг “Монголиа Фойсон Энержи” компанийн удирдлагуудад сануулж, эрэл хайгуулын ажилд нь амжилт хүссэн юм.

“Монголиа Фойсон Энержи” компанийн гүйцэтгэх захирал Мен Зи Ли хэлсэн үгэндээ “Монгол Улсын холбогдох бүх л хууль тогтоомжийг чанд мөрдөж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ажиллана” гэдгээ илэрхийлэв.

Газрын тосны хайгуулын Хэрлэнтохой XXVIII талбайд “Монголиа Фойсон Энержи” ХХК-тай байгуулсан энэхүү гэрээ нь Монгол Улсын Засгийн газар газрын тосны хайгуулын шинэ талбайд 8 жилийн дараа хийж буй Бүтээгдэхүүн хуваах гэрээ юм.

“Монголиа Фойсон Энержи” ХХК нь хайгуулын 8 жилийн хугацаанд нийт 49,7 сая ам.долларын хөрөнгийг хайгуулын талбайн геологийн мэдээлэл цуглуулах, тайлал хийх, соронзон болон хүндийн хүчний судалгаа 20,000км2, 2 хэмжээст чичирхийллийн судалгаа 2000 тууш/км, 3 хэмжээст чичирхийллийн судалгаа 400 км2 талбайд тус тус хийж, хайгуулын 13 цооног өрөмдөх, дээжлэлт, цооногийн иж бүрэн судалгаа, туршилт, шингэн хагалбар, хайгуул, судалгаа, нөөцийн тайлан боловсруулах зэрэг ажлуудад зарцуулахаар төлөвлөсөн бөгөөд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажилд 575,000 ам.долларыг зарцуулахаар төлөвлөсөн байна.

“Монголиа Фойсон Энержи” ХХК-ийн хөрөнгө оруулагч “Бээжин Фуайер хөрөнгө оруулалт” ХХК нь 2007 оноос хойш газрын тос, уламжлалт бус газрын тосны хайгуул, ашиглалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн олон улсын туршлагатай компани бөгөөд тус талбайд өрөмдлөг, шингэн хагалбар болон каротажийн ажлуудыг гүйцэтгэнэ гэж Ашигт малтмал, газрын тосны газраас мэдээллээ. 

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0