Мэдээ уншиж байна...

Админ 2024/11/29 (0) (18)

Инженер хангамжийн байгууллагуудад өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгах дадлага зохион байгууллаа

Шугам сүлжээний ашиглалтын нөхцөл байдлаас шалтгаалан жил бүр гэмтэл саатлын тоо ихсэж буй. Тодруулбал, есдүгээр сарын 15-ны өдрөөс халаалт өгснөөс хойш 30 гаруй байршилд шугам сүлжээтэй холбоотой гэмтэл саатал үүссэн. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 50 хувийн өсөлттэй байгаа юм. Үүнтэй холбоотойгоор УБЗАА-наас инженер хангамжийн чиглэлийн байгууллагуудад өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгах дадлага арга хэмжээг зохион байгууллаа. 

Энэ талаар УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга М.Балдандорж “2022 оноос хойш жил бүр инженер хангамжийн байгууллагуудын ажлын байранд нь сургалт зохион байгуулах, үзлэг шалгалт хийх ажлыг үе шаттай хийсээр ирсэн. Энэ жилийн тухайд төвийн зургаан дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй инженер хангамжийн зургаа, гэрэлтүүлгийн 16 аж ахуйн нэгж, байгууллагад сургалт орлоо. Сургалтаар тухайн байгууллагуудад даалгавар өгч, шуурхай ажиллагааны үед хэдэн техник тоног төхөөрөмж, хүн хүчний бүрэлдэхүүнтэйгээр нөхцөл байдлыг хэр хугацаанд шийдвэрлэж байгаа байдал болон протоколыг дагаж мөрдөж байгаа эсэх зэргийг харгалзан, үнэлэлт дүгнэлт өгч, цаашид анхаарч, сайжруулах тал дээр нь зөвлөмж өгөн ажиллав” гэсэн юм.

Дадлага сургалтын талаар Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Диспетчерийн албаны Ахлах инженер Д.Гантулга “Өнөөдрийн дадлага сургуулилалтад 15 тусгай тоног төхөөрөмж, 30 хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцож байна. Өгөгдсөн даалгаврын тухайд 2022 оны байдлаар Зайсан орчимд цахилгаан кабель гэмтсэнээс тухайн орчмын халаалт зогсохоос гадна төвийн зургаан дүүргийн цахилгаан хангамж хэсэгчилж хязгаарлагдсан гэдэг даалгаврын дагуу төлөвлөгөө боловсруулан ажиллалаа. Мөн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс өвлийн горимд 24 цагийн хуваарьт шилжин ажиллаж байна” гэв.

Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн Дотоод хяналт, аюулгүй ажиллагааны хэлтсийн дарга М.Доржпалам “2024-2025 оны халаалтын улирлаас урьтан манай байгууллагаас бүтээн байгуулалтын улиралд багтаан төв шугам болон насосын станцын засвар үйлчилгээг бүрэн хийж дуусгасан. Энэ хүрээнд 20 гаруй машин механизм, 380 орчим ажилтантайгаар Улаанбаатар хотын дулаан хангамжийн найдвартай байдлыг хангахаар бэлэн байдалд ажиллаж байна. Мөн өнөөдрийн сургалтад манай байгууллагын 22 инженер, техникийн ажилчид даалгаврыг гүйцэтгэн ажиллалаа” гэсэн юм.

Түүнчлэн нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг бүрэн хангасан бөгөөд давс, бодисын нөөцийг өнгөрсөн оноос хоёр дахин илүүг нөөцөлсөн байна. 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0