Мэдээ уншиж байна...

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ

Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы 2024 оны арванхоёрдугаар сарын 05-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ.  

Хуулийн төслийн талаар Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр танилцуулав.

Улсын Их Хурал Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хууль тогтоомжийн төслийг 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хэлэлцэн баталсан боловч Монгол Улсын Ерөнхийлөгчөөс гадаад зах зээлийн тогтворгүй байдал, түүхий эдийн үнийн хэлбэлзлээс үүдэн 2025 оны төсвийг үр ашигтай, хэмнэлттэй, алдагдалгүй батлах шаардлагатай гэсэн үндэслэлээр 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр бүхэлд нь хориг тавьсан. Улмаар Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэн, хүлээн авч “алдагдалгүй төсөв батлах” чиглэл өгсний дагуу Засгийн газраас Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг шинэчлэн боловсруулж, дахин өргөн барьж байгааг Тэргүүн шадар сайд танилцуулгадаа онцлоод төсвийн төсөлд урсгал зардлыг бууруулахад баримталсан зарчмаа танилцууллаа.

1/Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж, Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, нийгмийн халамжийн сангаас олгох хүүхдийн мөнгөн тэтгэмж, халамжийн тэтгэвэр, амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж, асаргааны тэтгэмж,  түүнчлэн төрийн албан хаагчийн цалин хөлс болон тэтгэвэрт гарахад нэг удаа олгох тэтгэмж, хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны тэтгэмж, зээлийн үйлчилгээний төлбөр, мөн хуульд заасны дагуу Улсын Их Хурлын Хууль зүйн Байнгын хорооноос төсвийг нь хянаж жилийн төсөвт тусгуулахаар ирүүлсэн шүүхийн байгууллагууд болон Хүний эрхийн үндэсний комисс зэрэг байгууллагуудын урсгал зардлыг тус тус бууруулаагүй гэв.

Төсөвт байгууллагын үйл ажиллагааны зарим зардлыг дараах байдлаар 10-100 хувь бууруулна:

а/салбар харгалзахгүйгээр бүх төсөвт байгууллагуудын тавилга, эд хогшил худалдан авах, сургалт, семинар, хурал зөвлөгөөн хийх, биеийн тамирын уралдаан тэмцээн зохион байгуулах, гэрээт ажилтан ажиллуулах, дуудлагын автомашин хөлслөх, зөвлөл, хороо, комиссын гишүүний урамшууллын зардлыг 100 хувь бууруулна.

б/соёлын эрхийн бичиг, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих, Кино урлагийг дэмжих сан, засаг захиргааны нэгж, төрийн захиргааны байгууллагыг үр дүнгээр шагнах, урамшуулах, идэвхтэй амьдралын хэвшлийг дэмжих болон эрүүл идэвхтэй амьдрал хөтөлбөрийн зардлыг 100 хувь бууруулна.

в/эрүүл мэнд болон тусгай чиг үүргийн байгууллагаас бусад бүх байгууллагын тээвэр шатахууны зардал, төрийн өндөр дээд айлчлал болон гадны өндөр түвшний зочин төлөөлөгч хүлээн авахаас бусад гадаад албан томилолтын болон зочин төлөөлөгч хүлээн авах зардал, эрүүл мэнд, боловсрол, батлан хамгаалах, гадаад харилцаа, хууль зүй, дотоод хэргийн салбараас бусад салбарын дадлага, бэлтгэл сургуулилт хийх зардал, бүх шатны төсвийн байгууллагын дотоод албан томилолт, бичиг хэргийн зардал, багаж техник хэрэгсэл худалдан авах зардлыг тус тус 50 хувиар бууруулна.

г/дээр дурдсан 50-100 хувь бууруулах зардлуудаас гадна байр ашиглалтын зардал, хангамж, бараа материал, нормативт эм бэлдмэл, нормын хувцас, хоол, урсгал засвар, хөдөлмөр хамгааллын хэрэгсэл, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагад олгох татаас, шилжүүлэг, эргэж төлөгдөх зээл, бараа үйлчилгээний бусад зардал, төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх арга хэмжээ, боловсролын тэтгэлэг, авто зам, гүүрэн байгууламжийн засвар, ашиглалтын зардлыг 10 хувиар тус тус бууруулахыг Л.Гантөмөр сайд онцлов.

Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалт, гадаад зээлийн ашиглалтыг төлөвлөхөд баримталсан зарчмаа танилцуулсан.

Нэг. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2024 онд хэрэгжүүлэхээр тусгагдсан төсөл, арга хэмжээнээс гэрээ байгуулсан, ажлыг эхлүүлсэн төслүүдийг дуусгана.

1/Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2024 онд хэрэгжүүлэхээр тусгагдсан төсөл, арга хэмжээнээс гэрээ байгуулсан, ажлыг эхлүүлсэн 512 төсөл, арга хэмжээний 2025 онд санхүүжих дүнг бууруулаагүй буюу 2,080.7 тэрбум төгрөгийг төсвийн төсөлд тусгасан.

Хоёр.Гэрээ байгуулаагүй, ажил эхлээгүй улсын төсвийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг эрэмбэлж, хойшлуулна.

1/Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2024 онд хэрэгжүүлж эхлүүлэхээр батлагдан ирэх онд үргэлжлэн хэрэгжих боловч 2024 оны 12 дугаар сарын 02-ны байдлаар гэрээ байгуулаагүй 32 төсөл, арга хэмжээний 2025 онд санхүүжих 117.8 тэрбум төгрөгийг хойшлуулсан.

2/Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд зам тээвэр, эрчим хүч, дэд бүтцийн томоохон төслүүдийн хүрээнд 38 төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөснийг дахин эрэмбэлж бүс нутагт нэн тэргүүний, богино хугацаанд хэрэгжих боломжтой, дараа онуудад төсөвт ачаалал бага үүсгэх төслүүдийг 2025 онд хэрэгжүүлэхээр 29 төсөл, арга хэмжээнд 497.0 тэрбум төгрөгийг тусгасан.

Гурав.Зарим их засвар, ТЭЗҮ, зураг төсөв, тоног төхөөрөмжийн санхүүжилтийг бууруулна.

1/Зарим их засвар, ТЭЗҮ, зураг төсөв боловсруулах найман  төсөл, арга хэмжээний 2025 онд санхүүжих дүнг 62.1 тэрбум төгрөгөөр бууруулсан.

2/Төрийн байгууллагуудын үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн үргэлжлүүлэх, иргэдийг төрийн үйл ажиллагаагаар хэвийн хангахад шаардлагатай тоног төхөөрөмж болон шинээр ашиглалтад орж буй сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг нийгмийн салбарын барилгуудын тоног төхөөрөмжийн зардлыг 2025 оны төсвийн төсөлд анх төлөвлөж өргөн барьсан хэмжээнээс 20 хувь бууруулсан.

Дөрөв.Хэлэлцээрийн шатанд байгаа төслийг хойшлуулна.

1/Үндэсний хиймэл дагуулын төсөл хэлэлцээрийн шатанд байгаатай холбогдуулан 2025 оны зээлийн ашиглалт 211.6 тэрбум төгрөг, зарим зээлийн төслүүдийн санхүүжилтийг 300.0 тэрбум төгрөгөөр тус тус бууруулж, нийтдээ 511.6 тэрбум төгрөгийн зээлийн ашиглалтыг төсвийн төсөлд буурууллаа. Мөн тус зээлийн ашиглалттай холбоотой Монголын талын санхүүжилтийг бууруулах зарчим баримталлаа.

Тав. “Хавдар судлалын Үндэсний төв-II” хөрөнгө оруулалтыг нэмж тусгана.

Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулиар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхээр “Хавдар судлалын Үндэсний төв-II барилга” төсөл, арга хэмжээ тусгагдсан боловч газрын асуудлыг бүрэн шийдвэрлэгдээгүйгээс тендер шалгаруулалт зарлаагүй хасагдсан. Төслийн газрын асуудлыг шийдвэрлэгдсэн бөгөөд хавдрын эрт илрүүлэг, оношилгоог сайжруулах, хавдрын эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэхэд ач холбогдолтой, нийгмийн үр ашигтай учир төслийн төсөвт өртөг 10.0 тэрбум, санхүүжих дүнг 5 тэрбум төгрөгөөр төсвийн төсөлд тусгалаа. Мөн Хавдар судлалын үндэсний төвийн одоогийн барилга нь 1981 онд баригдсан бөгөөд урсгал засвар зайлшгүй хийж, хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор их засвар, шинэчлэлтэд 5.7 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, 2.9 тэрбум төгрөгийг санхүүжүүлэхээр төсвийн төсөлд шинээр тусгасан гэдгийг Тэргүүн шадар сайд танилцуулгадаа онцолсон юм.

Мөн нэгдсэн төсвийн нийт орлогыг төсвийн хөрөнгө оруулалт, зарлагын бууралттай холбогдуулан 394.8 тэрбум төгрөгөөр буурахаар тооцлоо. Үүнд, гаалийн орлого 174.0 тэрбум, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн орлого 25.0 тэрбум, дотоодын барааны нэмэгдсэн өртгийн албан татварын орлого 112.3 тэрбум, хувь хүний орлогын албан татварын орлого 21.1 тэрбум, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын орлого 50.3 тэрбум, бусад орлого 12.0 тэрбум төгрөгөөр тус тус буурахаар байна.  Ингэснээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн дүн 33.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий 35.2 хувь, нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 33.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий 35.2 хувьд хүрч нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл алдагдалгүй болж, суурь тэнцэл дотоодын нийт бүтээгдэхүүний 3.3 хувийн ашигтай болохоор байна гэлээ.

Үргэлжлүүлэн Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Загджав танилцуулсан.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн төсөл нь улсын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлоготой нийцэж байгааг Монгол Улсын Ерөнхий аудитор дурдаад Засгийн газрын өрийн үлдэгдэл 2025 онд дотоодын нийт бүтээгдэхүүний 41.9 хувьд хүрэх төсөөлөлтэй байхаар тооцоолон тусгасан нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.2.3-д заасан төсөв, санхүүгийн аюулгүй байдлын бодлогын зохистой харьцааны түвшинд байна гэлээ.

Мөн Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, нийт зарлагын хэмжээг 33,470.0 тэрбум төгрөг, дотоодын нийт бүтээгдэхүүний 35.2 хувь байхаар, төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг анх удаа алдагдалгүй төлөвлөсөн нь төсвийн төлөвлөлтөд ахицтай үзүүлэлт болжээ. Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн төсөл нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан нэгдсэн төсвийн орлогыг тэнцвэржүүлсэн журмаар тооцдог байх, нэгдсэн төсвийн суурь тэнцэл нь тухайн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний хоёроос дээш хувийн ашигтай байх, нэгдсэн төсвийн урсгал зарлагын хэмжээ тухайн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний 30 хувиас хэтрэхгүй байх, Засгийн газрын өрийн нэрлэсэн дүнгээр илэрхийлэгдсэн үлдэгдэл нь тухайн жилийн оны үнээр тооцсон ДНБ-ий 60 хувиас хэтрэхгүй байх гэсэн тусгай шаардлагуудыг тус тус хангасныг дурдаж байлаа.  

Монгол Улсын 2025 оны төсвийн төсөл урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогын үзэл баримтлал, улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд нийцснийг дурдахын зэрэгцээ цаашид анхаарах  асуудлын талаар танилцуулав. Тухайлбал, гадаад хүчин зүйлийн нөлөөлөл, уул уурхайн салбарын голлох нэрийн бүтээгдэхүүний эрэлтээс шалтгаалж нүүрсний экспорт төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй тохиолдолд зарлагыг санхүүжүүлэх эх үүсвэр дутагдах, орлого тасрах эрсдэлийг тооцох шаардлагатай. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийг төсөвт өөрчлөлт оруулах бүрд нэмж өөрчилж байгаа нь төсвийн удирдлагын зарчим, сахилга батыг алдагдуулж, дунд хугацааны төсвийн төлөвлөлтийн ач холбогдлыг бууруулж байна. Цахим систем болон техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах ажлын өртөг зардлыг тооцож төлөвлөх, хянах, хэрэгжүүлэх, хүлээн авахтай холбоотой зохицуулалт, жишиг үнэ, заавар журам хангалтгүй байгаа нь төсөвт өртгийг үндэслэлтэй тооцож үр ашигтай төлөвлөхөд сөргөөр нөлөөлж байгааг анхаарах шаардлагатай гэв.

Түүнчлэн төсвийн урсгал зарлагыг хумьж, зарим хэрэгжиж эхлээгүй хөтөлбөр, үйл ажиллагааг зогсоохоор төлөвлөсөн нь төсвийн зарлагын ДНБ-д эзлэх харьцааг бууруулсан сайн талтай боловч зардлыг хэт механикаар хассан нь 2025 онд төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг бууруулах, тоо хэмжээг хумих эрсдэл үүсэх магадлалтай байна. Төрийн үйлчилгээг илүү цомхон бүтэц, ухаалаг байдлаар үзүүлэхийн тулд төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх тогтолцооны өөрчлөлтийг хууль эрх зүйн орчинд бүрдүүлэх шаардлагатай байна. Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн 12-т “Төрийн өмчит хуулийн этгээдийн үйл ажиллагаанд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аудитын хуулийн этгээдээр аудит хийлгэж болно. Тухайн санхүүгийн жилд аудит хийлгэх төрийн өмчит хуулийн этгээдийн жагсаалт болон аудит хийх хуулийн этгээдийг сонгон шалгаруулах этгээдийг Засгийн газар тогтооно” гэж тусгасан нь Улсын Их Хурлын Засгийн газарт тавих хяналтын зарчмыг алдагдуулахаас гадна Монгол Улсын Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гарсан хууль тогтоомжтой нийцэхгүй байгаад анхаарах шаардлагатай гэсэн юм.

Хуралдаан Монгол Улсын 2025 оны төсвийн төслийн талаар Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлтээр үргэлжилсэн.

Энэ талаар Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга Н.Энхбаяр танилцуулав. /дүгнэлтийг бүрэн эхээр нь эндээс/

Тэрбээр, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс боловсруулж Улсын Их Хурлын Төсвийн Байнгын Хороонд 2025 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүргүүлсэн дүгнэлтэд тусгагдсан төсвийн зарлага хэт хурдтай өсөн нэмэгдэж байгаа, төсвийн хөрөнгийн зарцуулалтын үр ашиг хангалтгүй байгаа талаар дурьдсан дүгнэлтүүд, мөн Улсын Ерөнхийлөгчийн зүгээс 2025 оны төсвийн тухай хуульд тавьсан хоригт тусгагдсан үндэслэлүүдийг харгалзан үзээд төсвийн үрэлгэн, оновчгүй зарлагыг бууруулах, төсвийн тэнцлийг сайжруулах зарим алхам хийгдсэн, 2025 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөлд төсвийн үр ашиггүй зарлагыг бууруулах арга хэмжээ авах талаар тодорхой заалтуудыг тусгасан зэрэг нь макро эдийн засгийн болон төсвийн тогтвортой байдлыг хангахад анхаарсан нь зөв зүйтэй эхлэл болжээ гэж Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн зүгээс үзэж байгааг онцлон тэмдэглэв.

Монгол Улсын 2025 оны төсвийн төслийн холбогдох бүлэг, заалтуудын талаарх дүгнэлтийг хураангуйлан танилцууллаа.

Тэрбээр, төсвийн орлогыг анх удаа бууруулан тодорхой тооцоолол үндэслэлийг гаргасан нь эерэг үр дүн юм. Өмнө төлөвлөгдсөн төсвийн орлогыг тодорхой хувь хэмжээгээр бууруулсан нь эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалд, болзошгүй эрсдэлийг бууруулахад эерэг нөлөөлөх өөрчлөлт болсныг онцлон тэмдэглэв.

Мөн Монгол Улсын төсвийн нийт зарлага ба цэвэр зээлийн дүнд урсгал зардал дийлэнх хувийг эзэлсээр байна. Төсвийн урсгал зарлага 2018 онд 7,350.3 тэрбум төгрөг байсан бол 2024 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр 26,034.6 тэрбум төгрөг, 2025 оны төсвийн төсөлд 25,308.6 тэрбум төгрөг байхаар тусгагджээ. Нөгөө талаар урсгал зардлыг байнга өсгөж байгаа нэг зардал бол цалин, хөлсний зардал бөгөөд 2009 онд  Монгол Улсад 100 хүн ам тутамд 4.4 төрийн албан хаагч ногдож байсан бол 2015 онд 5.7, 2023 онд 6.4 болж өссөн байна. Төрийн албаны тогтолцоонд институцийн болон бүтээмжийн томоохон шинэчлэл хийх зайлшгүй шаардлага тулгарч буй бөгөөд боловсрол, эрүүл мэнд, хууль сахиулах байгууллага, онцгой байдал, батлан хамгаалахаас бусад салбарт төрийн албан хаагчдын тоог царцаах, цаашид аажмаар төрийн албан хаагчдыг хувийн хэвшилд шилжүүлэх бодлогын арга хэмжээг шат дараатай хэрэгжүүлэх нь чухал байна гэж байлаа.

Түүнчлэн тэрбээр, урсгал зардлыг бууруулахдаа тавилга эд хогшил, сургалт, уралдаан тэмцээн, соёлын эрхийн бичиг зэрэг зардлыг 100 хувь, гадаад, дотоод албан томилолт, бичиг хэргийн зардлыг 50 хувь, байр ашиглалт, хангамж, бараа материал, бараа үйлчилгээний зардал гэх мэтийг 10 хувиар бууруулах бодлого баримталж үүнийг хэрэгжүүлэхдээ хуулийн өөрчлөлтүүдийг хийхээр шийдвэрлэснийг дэмжиж байна гэв.

Хөрөнгө оруулалтын удирдлага, төлөвлөлтийн системийг сайжруулах шаардлагатай байна. Улсын хөрөнгө оруулалтын удирдлагыг хөгжүүлэхэд цогц бөгөөд нэгдмэл арга барилыг баримтлах, улсын хөрөнгө оруулалтын мэдээллийн нэгдсэн сан байгуулах, төсвийн хөрөнгө оруулалтын өнөөгийн багцыг үр ашигтай оновчтой болгох, төр хувийн хэвшлийн түншлэлийг түлхүү хэрэглэх, төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг сайжруулахад төлөвлөлтөөс эхлээд тайлагнах, хэрэгжүүлэх бүхий л үе шатыг ил тод нээлттэй байх зарчмыг баримтлах шаардлагатай байна. Төсвийн хөрөнгийн ба урсгал зардал хоорондын хамаарлыг тооцож улсын төсвийг төлөвлөдөг байх хэрэгтэй. Төсвийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг төлөвлөхдөө тухайн хөрөнгө оруулалтын обьект хэрэгжсэний дараах төсөвт үзүүлэх ачаалал, өөрөөр хэлбэл төсвийн хөрөнгийн зардал болон урсгал зардал хоорондын уялдааг хангаж тооцож байх шаардлагатайг Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга дүгнэлтдээ онцолсон.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, санал хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн М.Нарантуяа-Нара  төсвийн төсөлд тусгасан  ижилд байршилд, адилхан хүчин чадалтай сургууль барихад төсөвт өртөг нь 1-2 тэрбум төгрөгийн зөрүүтэй байгаа шалтгаан болон нийслэлийн утааг бууруулахад төсвийн төсөлд хэчнээн төгрөг тусгасныг тодруулав.

Боловсролын сайд П.Наранбаяр, ижил төрлийн хүчин чадалтай сургууль, цэцэрлэгийн төсөвт өртгийн зөрүү гарах тохиолдол байдаг. Энэ  нь газрын байршил, дэд бүтцийн хол ойр, газар хөдлөлийн бүс, гадна шугам сүлжээ  нь төсөвт орсон, ороогүй эсэхээс шалтгаалдаг талтай. Хуулийн хүрээнд бүх зүйлийг хийж байгаа хэмээн хариулсан.

Харин Сангийн сайд Б.Жавхлан, төсвийн урсгал зардал, хөрөнгө оруулалтыг харахад нийслэлийн утааг бууруулах зардал байхгүй юм шиг харагдах байх. Утаатай тэмцэхийн тулд маш зөв цогц асуудлыг шийдвэрлэх шаардлагатай. Нийслэлийн зүгээс сүүлийн хоёр жилийн турш газар чөлөөлөх, орон сууцжуулах, түгжрэлийг бууруулах, дэд төвүүд, дагуул хотууд байгуулах гээд томоохон арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Энэ асуудалд  бонд гаргах, газар чөлөөлөлтийн санхүүжилтийн асуудалд бид дэмжлэг үзүүлэн ажиллаж байна гэсэн нэмэлт тайлбарыг өгсөн.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, төсвийн урсгал зардал тэлж буй нь төрийн албан хаагчдын тоо үндэслэлгүй өссөнтэй холбоотойг дурдаад төрийн албан хаагчдыг багасгах, цомхотгох, ажлын байрны тодорхойлолтыг бүрэн хийхэд анхаарч ажиллах шаардлагатай гэхийн зэрэгцээ боловсролын салбарын урсгал зардлыг тодрууллаа.

Боловсролын сайд П.Наранбаяр, тус салбарын урсгал зардалд 3.9 их наяд төгрөг төсөвлөснөөс цалин, хөлсний зардал 2.3 их наяд төгрөг,  217 тэрбум төгрөг нь бусдаар гүйцэтгүүлэх зардал болдог гэв. Мөн урсгал зардалд байр, бараа үйлчилгээ, хангамж, байр ашиглалттай  зэрэг тогтмол зардлууд байна гэсэн тайлбарыг өглөө.   

Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Б.Найдалаа, төсвийг танасан атлаа эдийн засгийн өсөлт  найман хувь, инфляц 7.2 хувь хэвээрээ байгаа шалтгаан болон төсөв танаснаар нийгэм, эдийн засагт ямар нөлөө үзүүлэх талаар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Золжаргал, аж ахуйн нэгжүүд ашиггүй гээд хаагдаад байхад татварын орлого 20 хувиар өсөж буй шалтгааны талаар, Улсын Их Хурлын гишүүн Р.Батболд ирэх жил  хуулийн дагуу олгогдох байсан хэчнээн хэмжээний зардал хасагдсаныг тодруулав.

Сангийн сайд Б.Жавхлан, Энэ удаа төсөв алдагдалгүй байхад бодлого, зарлагаа төлөвлөсөн. Дараагийн том сорилт нь төсөв дотроо илүү үр ашигтай, бүтээмжээ нэмэгдүүлэхэд чиглэнэ. Төсөв танагдсан гээд зорилтоосоо ухрахгүй. Гэхдээ сөрөг дарамтууд, ачааллууд бол ирнэ. Засгийн газар эдийн засгаа хэрхэн идэвхжүүлэх вэ гэдэгт хичээж ажиллана хэмээн хариулав. Мөн тэрбээр, 2019 онд Татварын багц хуульд өөрчлөлт орсноос хойш татварын хувь, хэмжээ өөрчлөгдөөгүй. Татварын өсөлтийн нэмэлт орлогууд нь экспорт нэмэгдсэнтэй холбоотой. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн суурь тэлэхээр татварын орлого бүрдүүлэлтэд огцом нөлөө үзүүлж байна гэсэн үг гэсэн нэмэлт тайлбарыг өгсөн.

Түүнчлэн Сангийн сайд хариултдаа, Ирэх жилийн урсгал зардлыг нэмэгдүүлсэн 3.5 их наяд төгрөг нь одоо хүчин төгөлдөр үйлчилж буй 26 хууль тогтоомжтой холбоотой. Мөн хууль тогтоомжид туссан ч төсөлд тусгагдаагүй 4.5 их наяд төгрөгийн зардал хүлээгдэж байна. Энэ удаа хасагдаж, хэмнэгдэж байгаа зардалтай холбоотой салбар салбарын долоон хууль болон Төрийн хэмнэлтийн тухай хуулийн долоон заалтыг нэмж, нийтдээ 250 тэрбум төгрөгийн зардлыг бууруулах боломж нээгдсэн гэдгийг онцолж байлаа.

Харин Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал төсвийн төслийг дахин өргөн мэдүүлсэн нь төрийн эдийн засагт ачаалал үзүүлдэг данхайсан бүтцээ эргэн харах, хувийн хэвшил, баялаг бүтээгчдээ дэмждэг эрх зүйн орчинг шинэ нөхцөлд харах боломжийг олгож байна гээд Улсын Их Хурлаас байгуулагдах ажлын хэсэг төсвийн төсөлд няхуур ажиллаж, Байнгын хороо, Улсын Их Хурлаар шуурхай ажил хэрэгч хэлэлцэж батлах нь чухал гэсэн саналыг хэлсэн.

Мөн  хуулийн төслүүдийг дэмжсэн, дэмжээгүй эсэх талаар Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат, П.Сайнзориг, П.Мөнхтулга, О.Номинчимэг, Ж.Баярмаа, Х.Булгантуяа нар санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. Гишүүд хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ  шат шатны төсвийн захирагч бүрийн төсвийн 0.5 хувийг утааны хордлогыг сааруулах, ажилтнуудын эрүүл мэндийн үзлэгт хамруулах зэрэгт зарцуулах чиглэл өгөх, мөн улс орны хөгжлийн суурь асуудалд түлхэц өгөх тэр хэмжээгээр экспортыг дэмжих, импортыг орлуулах бүтээгдэхүүний үйлдвэрлэхэд хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх чиглэлийг ажлын хэсэг барьж ажиллах шаардлагатай гэж байлаа. Мөн өндөр төлбөртэй хувийн хэвшлийн сургуульд олгодог хувьсах зардлыг гурван ээлжээр үйл ажиллагаа явуулж буй сургуулиуд болон дотуур байрны асуудлыг шийдвэрлэхэд шилжүүлэх, яамдын үйл ажиллагаатай давхацсан комисс, үндэсний зөвлөл, хороо зэргийг татан буулгах ажлыг зоригтой хийх, Хөдөө аж ахуйн их сургуулийн тодорхой хэсгийг нүүлгэх гэх мэт санал хэлсний зэрэгцээ Улсын Их Хурал цаашид төсөв хэлэлцэхдээ ямар бодлого баримтлах вэ гэдэгт нухацтай хандах нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлж байлаа. 

Ингээд Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь  Төсвийн тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан шалгуур, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн тусгай шаардлага, улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд нийцсэн байна гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 66.3 хувь нь дэмжлээ. Иймд хуулийн төслүүдийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороод болон Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд шилжүүллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0