Сэтгэгдэл 0
Сингапур улсын Төрийн орон сууцжуулалтын туршлага, загварыг Монгол Улсын газар зүйн онцлог, уур амьсгал, санхүүгийн чадамжтай уялдуулан нэвтрүүлэх болон хот байгуулалт, орон сууцны төлөвлөлт, загвар, технологийн туршлагаас суралцах, түрээсийн орон сууцны зорилтот бүлгийн иргэдийн сонголт, менежментийн арвин туршлагыг хэрэгжүүлэх боломжийн талаар Хот дахин төлөвлөлтийн газрын гүйцэтгэх захирал Хан Ён Хоетой уулзаж, санал солилцлоо.
Сингапур улсын Орон сууц, хөгжлийн зөвлөл нь 1960 онд байгуулагдсан бөгөөд Сингапур Улсын Үндэсний хөгжлийн яамны хэрэгжүүлэгч агентлаг юм. Сингапурын иргэдийг хямд өртөгтэй, чанартай орон сууцаар хангаж, тохилог амьдрах орчин бүрдүүлэх зорилготой уг зөвлөл нь өнөөгийн байдлаар нийт нэг сая гаруй орон сууцыг ард иргэддээ нийлүүлжээ. Сингапурын хүн амын 80 гаруй хувь нь Орон сууц, хөгжлийн зөвлөлийн байгуулсан нийтийн орон сууцад амьдардаг төдийгүй оршин суугчдын 90 орчим хувь нь орон сууцаа өөрийн эзэмшлийн болгож чадсан байна.
Тиймээс иргэдийг орон сууцжуулах бодлогын хүрээнд хэрэгжүүлж буй тус улсын орлогод нийцсэн орон сууцаар хангах, нийтийн орон сууцны санхүүжилт, энэ чиглэлийн зохион байгуулалтыг монголын нөхцөлд тохируулан нэвтрүүлэх талаар туршлага судаллаа.
Мөн хот байгуулалтын төлөвлөлтөд “Urban design”, “BIM” зэрэг дижитал платформын ашиглалтын талаар санал солилцож, хамтран ажиллахаар болов гэж Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас мэдээллээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.